Олон улсын байгууллагуудтай өрнүүлж буй хамтын ажиллагаа нь бүс нутагтаа жишиг болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Г.Саран тэргүүтэй төлөөлөгчид Нийгмийн хөгжлийн Дэлхийн II дээд хэмжээний чуулганд оролцож байна.
Манай улсын төлөөлөгчид “Хүний хөгжлийн зарчим: Уур амьсгалын
өөрчлөлтөд тэсвэртэй, хүртээмжтэй нийгмийн хөгжил” хуралдаан, “Нийгмийн хөгжлийг дэмжих Ази,
Номхон далайн бүс нутгийн манлайллыг ашиглах” үйл ажиллагаанд туршлага, бодлого, зорилтуудаа танилцуулсныг ГБХНХЯ мэдээлжээ.
Энэ үеэр Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүнийг “хамт олонд түшиглэн” дэмжих бодлого, бүх хүүхдэд хамаарах хүүхдийн мөнгөний хөтөлбөр, “COVID-19”-ын үеийн уян хатан тусламжийн аргачлал, олон улсын байгууллагатай өрнүүлж буй хамтын ажиллагааг сайшаан, бүс нутагтаа жишиг болж буйг онцолсон байна.
Монгол Улс цаашид нийгмийн хамгааллыг хүртээмжтэй болгох, хөгжиж буй, эмзэг бүлгийн иргэдэд зориулсан
үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролыг сайжруулах чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.
Дээд хэмжээний
чуулганд 40 орчим улсын төрийн тэргүүн, сайдын түвшний 170, нийт 14 мянга гаруй
төлөөлөгч оролцож, нийгмийн хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг шинэ
шатанд гаргах, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх
Дохагийн Улс төрийн тунхаглалыг баталжээ.
Связанные новости
Ulaanbaatar