Боршоо боомт, Үенчийн хилийн застав бага сургуультай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн заставт багийн бага сургууль нээлээ.
Багийн бага сургууль нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чөлөөт бүс болох, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа дэргэд бага боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилгоор эхэлж буй ажил аж. Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар “Хаан” банкны санхүүжилт дэмжлэгтэй Хил хамгаалах ерөнхий газар болон бусад хувийн хэвшлийн байгууллагын оролцоотой хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ашиглалтад орсон дээрх хоёр сургууль нь 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд барилгын зураг төсөл, барилгын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хийж гүйцэтгэсэн байна.
Өнөөдөр Монгол Улсад байгаа 1575 багийн дөнгөж 44-т бага сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 36 мянган хүүхэд гэр бүлээсээ хол суралцаж байна. Тиймээс энэхүү төсөл 6-10 насны бага ангийн хүүхдүүдийг гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч буйгаараа онцлогтой. Шинээр барьсан сургуульд олон улсын стандартад нийцсэн анги танхим, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө, “Үдийн цай” хөтөлбөрийн гал тогоо, урлаг, спортын танхим, өндөр хурдны интернэт бүхий цахим орчин, тоглоомын талбай, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй ногоон байгууламж зэргийг иж бүрнээр нь шийджээ.
НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд төв суурин газраас алсал сан 60 орчим багт бага сургууль байгуулж, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрийн гэртэйгээ ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх ажээ.





Связанные новости
Ulaanbaatar