Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн хүүхдийн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ жил “Миний өдөр миний эрх” уриан дор хүүхдүүдээ сонсож,
тэдний эрхийн төлөө өдөр бүр зогсохыг НҮБ-ын хүүхдийн сангаас уриалж байна. Дэлхийн
улс орнууд энэ өдөр хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний оролцоог хангасан үйл
ажиллагаа, санал, санаачилга өрнүүлдэг аж.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцыг 1989 оны 11 дүгээр сарын
20-нд баталсан бөгөөд 2017 оноос Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэхийг НҮБ-ын
Хүүхдийн сангаас уриалж, үүнд 130 гаруй орон нэгджээ.
Өнгөрсөн оны байдлаар манай улсын хүн амын 1.3 сая буюу 36.3 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байв. Тэдний 51.4 хувь нь хүү, 48.6 хувь нь охин гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хороо гаргасан байдаг.
Хүүхэд эсэн
мэнд амьдрах, эрүүл өсч бойжих, аюулгүй
орчинд амьдрах, аливаа
хүчирхийллээс ангид байх, төрөөс
асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах, хөгжих, чөлөөтэй
бодож сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх,
мэдээлэл хайх, хүлээн авах, хамгаалуулах, хувийн нууцаа хадгалах, нийгмийн амьдралд оролцох эрх эдэлнэ. Мөн хуулиар
хориглоогүй үйл ажиллагаанд оролцох,
эвлэлдэн нэгдэх, өөрт нь
хамааралтай шийдвэр гаргахад оролцох, эд хөрөнгө өмчлөх, өвлөх, хуульд заасан ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхтэй.
Связанные новости
Ulaanbaatar