The Economist: Ирэх онд анхаарал татах чиг хандлагууд
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /inosmi/. “The Economist” сэтгүүлийн тоймч Том Стэндиж ирэх 2026 онд дэлхий нийтийн анхаарлыг татах 10 үйл явдлыг тоймлосныг хүргэж байна.
“Энэ бол Дональд Трампын ертөнц бөгөөд хүссэн, эс хүссэнээс үл хамааран бид бүгдээрээ энэ ерөнцөд амьдарч байна. Асуудлыг үүсгэгч гол хүн болох тэрбээр 2025 онд дэлхийн үйл явдлыг тодорхойлоход чухал хүчин зүйл болсон бөгөөд Цагаан ордноос явах хүртэл хэвээр байх болно. Уламжлалт хэвшмэл ойлголтод огт захирагддаггүй түүний хандлага нь хэд хэдэн салбарт (тухайлбал, худалдаа) ихээхэн бужигнаан дэгдээсний сацуу бодит дипломат үр дүнд хүргэж (жишээлбэл, Газад), Европын орнуудын батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх зэрэг удаан хүлээгдсэн өөрчлөлтүүдийг бий болголоо. “Трампнадо” шуурга намжих шинж тэмдэг алга. Ингээд ирэх онд анхаарал хандуулбал зохих 10 үйл явдал, чиг хандлагыг дор сийрүүлэв.
1. АНУ байгуулагдсаны 250 жилийн ой
АНУ байгуулагдсаны 250 жилийн ойгоор Бүгд найрамдах намынхан болон Ардчилсан намынхан улс орноо өөр өөр туйлширсан байдлаар тодорхойлж байгаа тул Америкийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар бие биенийгээ үгүйсгэсэн байр суурь ээлжлэх нь тодорхой. Үүний дараа сонгогчид 11 дүгээр сард болох завсрын сонгуулиар Америкийн ирээдүйн талаарх дүгнэлтээ хийх болно. Гэхдээ Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонхын суудал эзэллээ ч гэсэн Трампын айлган сүрдүүлэх, тариф тогтоох, захирамж гаргах засаглал үргэлжилсээр байх болно.
2. Геополитикийн шилжилт
Геополитикийн тухайд АНУ, Хятадын тэргүүлсэн эвслүүдийн хоорондох шинэ “хүйтэн дайны” үед дэлхий ертөнц ороод байна уу, эсвэл Трамп өөрийн хэлцлүүдээрээ дэлхийг Вашингтон, Бээжин, Москва гурав хүссэнээ хийж болох "гурван нөлөөний хүрээнд" хуваах уу гэдэг тал дээр гадаад бодлогын шинжээчид санал зөрөлдөөнтэй байна. Эдгээрийн аль алиныг хүлээх хэрэггүй. Трамп геополитикийн онол, тогтсон зарчмуудаас илүүтэй зөн совингоороо удирддаг прагматик арга барилыг илүүд үздэг. Хуучин дүрэмд суурилсан дэлхийн дэг журам мөсөн уул шиг удаан хөвж, задарсаар байх болно. Гэхдээ “Украинд туслах хүсэлтэй 30 гаруй улс, голчлон Европын орнуудыг нэгтгэсэн эвсэл" батлан хамгаалах, худалдаа, уур амьсгал зэрэг салбарт шинэ хэлэлцээрүүд байгуулсаар байх болно.
3. Дайн уу энх үү? Аль аль нь
Хэрэв аз тохиовол Газын зурваст тогтоосон хэврэгхэн эвлэрэл цаашид тэсвэрлэн тогтоно. Гэхдээ Украин, Судан, Мьянмар дахь мөргөлдөөнүүд үргэлжилсээр байх болно. Орос, Хятад улсууд Хойд Европ болон Өмнөд Хятадын тэнгисийн "саарал бүс"-д өдөөн турхирах аргаар холбоотнуудынхаа өмнө хүлээсэн Америкийн үүрэг амлалт хэвээр эсэхийг сорьсоор байх болно. Дайн ба энх тайвны хоорондох хил хязгаар улам бүр бүдгэрч, Хойд туйлд, дэлхий орчмын тойрог замд, далайн ёроолд, кибер орчинд гээд хаа сайгүй нөхцөл байдал улам бүр хурцадсаар л байх болно.
4. Европын улс орнуудад тулгарч буй сорилтууд
Европыг онцгой сорилт хүлээж байна. Тус тивийн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, Америкийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, асар их алдагдлаа зохицуулах ёстой боловч хатуу хэмнэлтийн бодлого нь хэт барууны үзэлтэй намуудын нөлөөг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Европ тивийнхэн мөн чөлөөт худалдаа, “ногоон” бодлогын гол дэмжигч хэвээр үлдэхийг хүсэж байна. Гэхдээ энэ бүхнийг нэг дор хийж чадахгүй. Батлан хамгаалах зардал нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтийг дэмжих боловч бага зэрэг л өсгөнө.
5. Хятадад олдох боломж
Хятадын хувьд дефляци үүссэн, эдийн засгийн өсөлт удааширсан, үйлдвэрлэлийн илүүдэл үүссэн гээд олон асуудал бий. Гэхдээ “Америк бүхнээс дээгүүр” гэх Трампын бодлого нь Хятадын хувьд дэлхийд нөлөөгөө улам тэлэх шинэ боломжуудыг нээж өгч байна. Тэд ялангуяа дэлхийн өмнөд хэсэгт хэд хэдэн худалдааны хэлцэлцээр байгуулж, өөрсдийгөө илүү найдвартай түнш гэдгээ харуулахыг оролдох нь тодорхой. Бээжин Трамптай шар буурцаг эсвэл бичил чип зэрэг тактикийн хэлцэл хийхийг дуртайяа зөвшөөрнө. Хятадуудын гол арга бол сөргөлдөхийн оронд АНУ-тай харилцаагаа хэлцлийн түвшинд хадгалах явдал юм.
6. Эдийн засгийн хүндрэлүүд
Одоогоор Америкийн эдийн засаг Трампын тарифын бодлогыг таамаглаж байснаас илүү сайн тэсэж байна, гэхдээ эдгээр тариф дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулсаар байх болно. Харин чинээлэг орнууд хэт их зардлаар оршин тогтнож байгаа учраас бондын зах зээлд хямрал үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Холбооны нөөцийн сангийн даргаар Жером Пауэллийн оронд хэн томилогдохоос олон зүйл шалтгаална. Тус санг улс төржүүлэх нь зах зээлийг уналтад хүргэж болзошгүй.
7.Хиймэл оюуныг тойрсон асуудлууд
Хиймэл оюуны дэд бүтцэд зарцуулж буй хэт их хөрөнгө оруулалт нь Америкийн эдийн засгийн хэврэг талыг далдалж байж магадгүй юм. Харин энэ хөөс хагарах уу? Гэхдээ төмөр зам, цахилгаан эрчим хүч, интернэт гэх мэттэй тохиолдсонтой харьцуулбал, ямар ч тохиолдолд уналт нь энэ технологи бодит үнэ цэнгүй гэсэн үг биш юм. Гэсэн хэдий ч эдийн засгийн үр дагавар нь ноцтой байх болно. Хиймэл оюун ухаан ажлын байранд хэрхэн нөлөөлөх талаарх түгшүүр шинээр төгсөж буй залуучуудын дунд улам бүр нэмэгдэх болно.
8. Уур амьсгалын эргэлт буцалтгүй өөрчлөлт
Дэлхийн дулаарлыг 1.5 хэмээр хязгаарлах боломжгүй болсон энэ үед Трамп сэргээгдэх эрчим хүчийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Гэхдээ дэлхийн хүлэмжийн хийн ялгаралт оргилдоо хүрсэн бололтой. Байгаль орчинд ээлтэй технологиуд дэлхийн өмнөд тал бөмбөрцөгт хурдацтай хөгжиж байна. Компаниуд уур амьсгалын зорилгодоо хүрч, түүгээр барахгүй давуулан биелүүлж чадах ч Трампын “ширүүн харцанд” ширвүүлэхгүйн тулд чимээгүйхэн байхыг эрмэлзэнэ. Газрын гүний дулааны эрчим хүчний хөгжлийг анхааралтай ажиглах хэрэгтэй.
9. Спортын үзэл санаа
Спорт бол улс төрөөс ангид байх хангалттай шалтгаан мөн үү? Ер нь бол тийм, гэхдээ 2026 оны хувьд биш ээ. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулах боловч тэдний харилцаа таарамжгүй хэвээр байна. Хөгжөөн дэмжигчид гэртээ үлдэх магадлал өндөр. Гэвч Лас-Вегаст болох “Сайжруулсан тоглолтууд” улам шуугиан тарьж болзошгүй. Тамирчид сэргээшийг хязгааргүйгээр хэрэглэж магадгүй. Энэ нь спортын ёс зүйгүй үйлдэл үү, эсвэл “өөр зүйл” үү?
10. "Оземпик" бол...
Глюкагон төст пептидэд (GLP-1) суурилсан илүү чанартай, хямд үнэтэй жин хасах эмүүд шахмал хэлбэрээрээ улам бүр хүртээмжтэй болж байна. Гэхдээ ийм аргаар турах нь шударга уу? Үүний улмаас сэргээштэй холбоотой ёсзүйн маргаан тамирчид, бодибилдингчдийг хамардаг байсан бол одоо өргөжиж байна. Олимпын наадамд тамирчид л оролцдог бол “Оземпикиад”-д хэн ч оролцож, туршиж үзэх боломжтой.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar