Боломжит ажиллах хүч 2024 оныхоос 6.1 мянган хүнээр өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ажиллах хүчний судалгааны 2025 оны 3 дугаар улирлын дүнгээр 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.5 сая буюу 62.7 хувь нь ажиллах хүч, 878.5 мянга буюу 37.3 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Ажиллах хүчнээс гадуурх 878.5 мянган хүний 26.7 мянга нь боломжит ажиллах хүч аж. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 59.2 байгаа нь 2024 оны мөн үеийнхтэй ижил байна.
Мөн ажилгүйдлийн түвшин 2024 оны мөн үеийнхээс 0.6 нэгж хувиар буурч, 5.5 хувьд хүрчээ. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд болох ажилгүй иргэн 2024 оны мөн үеийнхээс 7.4 мянган хүнээр буурчээ. Гэтэл цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 0.2 мянган хүнээр, боломжит ажиллах хүч 6.1 мянган хүнээр өсжээ.
Нийт ажиллагчдыг эдийн засгийн үндсэн салбараар авч
үзвэл:
- 49.6 (690.6 мянга) хувь нь үйлчилгээний салбарт,
- 25.4 (353.9 мянга) хувь нь хөдөө аж ахуйн салбарт,
- 25.1 (349.2 мянга) хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт ажиллаж байна.
Дэд салбараар харвал, нийт ажиллагчдын 174.9 мянга нь бөөний болон
жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт, 119.2 мянга
боловсруулах үйлдвэрийн салбарт, 116.1 мянга нь боловсролын салбарт ажиллаж
байгаа ба эдгээр нь ХАА-н салбараас бусад хамгийн олон ажиллагчтай салбарууд
юм.
Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагч 2024 оны мөн үеийнхээс 27.1
(20.4 мянга) хувиар, барилгын салбарт ажиллагч 13.8 (13.4 мянга) хувиар, төрийн
удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын
салбарт ажиллагч 12.6 (10.9 мянга) хувиар, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт
ажиллагч 12.4 (13.2 мянга) хувиар нэмэгдсэн нь хамгийн их өөрчлөлттэй байна
Ажиллагчдыг ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл, хөдөө аж ахуй, ой,
загас агнуурын мэргэшсэн ажилтан 25.1 хувь, мэргэжилтэн 16.1 хувь, худалдаа
үйлчилгээний ажилтан 14.2 хувь, үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил,
үйлчилгээний ажилтан 11 хувь, машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагч
10.6 (148.2 мянга) хувь, энгийн ажил, мэргэжлийн ажилтан 8.6 (120.5 мянга)
хувь, менежер 7.4 хувь, бусад төрлийн ажил мэргэжлийн ажилтан 7 хувийг эзэлжээ.
Нийт ажиллагчдад хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтны
эзлэх хувь 1.3 нэгж хувиар нэмэгдсэн байна. Харин мэргэжилтний хувь 2024 оны
мөн үеийнхээс 2.2 нэгж хувиар, худалдаа үйлчилгээний ажилтны хувь 0.8 нэгж
хувиар буурсан нь хамгийн их өөрчлөлт оржээ.
Ажилгүй 80.6 мянган иргэний шалтгааныг задалж харвал:
- 34.9 хувь нь ажил хайгаад олдохгүй байгаа,
- 10.2 хувь жирэмсэн эсвэл хүүхэд асарсан,
- 9.5 хувь нь мэргэжил, дадлага туршлага байхгүй,
- 9.1 хувь нь мэргэжилд тохирох ажил олдохгүй шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байна.
Харин боломжит ажиллах хүч 26.7 мянга байгаагийн 27.7 хувь нь
тэтгэвэрт гарсан 16.9 хувь нь жирэмсэн, хүүхдээ асардаг, 10.3 хувь нь мэргэжил,
дадлага туршлага байхгүй, 7.5 хувь нь хүүхдээ сургуульд сургахаар, 6.6 хувь нь
мэргэжилд тохирох ажил олдохгүй шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй
оролцоогүй байна.
Связанные новости
Ulaanbaatar