Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх талаар Боловсролын яаманд санал хүргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна.
ЭМЯ-ны мэдээлснээр, 47-р долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж, А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлж байгаа нь хүүхдэд илүү өвчлөл үүсгэх эрсдэлтэй байна.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн пик үе нь 51 дэх долоо хоног буюу сурагчдын амралт эхэлсэн хойно байх аж. Хүндрэл ихтэй өвчлөл хэт тархах буюу их нэрвэгдэх эрсдэлтэй байна. Тархалтыг урьдчилан бууруулан намжаахын тулд сурагчдын өвлийн амралтыг хоёр долоо хоногийн өмнө байхаар тохируулах саналтай байна.
2017/2018-2024/2025 оны томуу, томуу төст өвчний хөдлөл зүйгээр ЕБС-ийн өвлийн амралтын хугацаатай харьцуулж, амралтын хугацааг 2 долоо хоног урагшуулахад өвчний тохиолдол 2 дахин буурч, тархалтын хурд саарсан үзүүлэлттэй байсан байна.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн ЭМЯ-аас Боловролын яаманд бага ангийн сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг хүргүүлээд байна. Мөн цахим сургалтын хэлбэр болон амралтыг урагшлуулах тухай Боловсролын яам бусад нөлөөллөө тооцоолон шийдвэр гаргах юм.

Ulaanbaatar