Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Төмөр зам, авто замтай огтлолцдог байршилд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто машины нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй.
НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн нэгдүгээр байршил болох Таван шар, төмөр замын 396 дугаар гармын нүхэн гарцын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрч гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтыг хийж дуусжээ. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах 90 метрийн урттай явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Мөн явган хүний гарцын зураг төслийг магадлалаар батлуулж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Харин төслийн гуравдугаар байршил болох “Гермес” төвийн урд, төмөр замын
зоорины нүхэн гарцын төслийн их биеийн бүтээцийн бэлтгэл ажил хийж байна. Тус
байршилд түлхэх технологи ашиглан нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын
суурь бүтээцийн доор байрлуулж буй гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна.
Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэх давуу талтай юм.
Мөн геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, 21 нэгж талбараас 18-ыг нь бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн гурван нэгж талбарын тухайд талуудын зөвшилцлийн шатанд байна. Газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа ирэх хавраас нүхэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Ulaanbaatar