ЗАВХАН: Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулахыг даалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-25 12:33:38

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Шадар сайдын зөвлөх П.Оюунчимэг, улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Т.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Завхан аймагт ажиллаж байна.

Завхан аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарсан байна. Өнөөдрийн байдлаар 3 аймгийн 12 сумын нутагт 30 өрхийн 13.4 мянган мал оторлож байна.


Аймгийн аюулгүйн нөөцөд бүдүүн тэжээл 648 тн, хүчит тэжээл 367 тонныг тус тус бүрдүүлж, Улиастай, Шилүүстэй, Завханмандал, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс суманд байршуулсан байна. Мөн Адапт төслийн санхүүжилтээр Отгон, Алдархаан, Асгат, Нөмрөг, Сонгино зэрэг суманд өвс, тэжээлийн бага оврын агуулах, саравч барьж, стандартын дагуу хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байна.


Аймгийн нийт нутгийн 97 хувь нь цастай, цасны дундаж зузаан 2-13 см байна. Зудын урьдчилсан төлөвөөр нутгийн 2 хувьд нэн их, 17 хувьд их буюу өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн байна.


Завхан аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 9 бүлэг 34 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд 468.0 сая төгрөг төлөвлөн зарцуулсан байна.


Энэ хүрээнд хамгийн их эрсдэлтэй Улиастай суманд тохиолдож болзошгүй обьектын гал түймэр, үер, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн хэмээн ажлын багт танилцууллаа.


Хошууч генерал Г.Ариунбуян, өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх үед сум, орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, оновчтой зохион байгуулах, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх. Бүсийн хэмжээнд өвс, тэжээлээр хязгаарлахгүйгээр шаардлагатай стратегийн нөөцийг бүрдүүлэх зэргээр холбогдох арга хэмжээг тухай бүр нь авч хэрэгжүүлэхийг даалгалаа гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.


Ташрамд, хөдөө аж ахуйн болон төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, зам даваа нээх. Малчдад өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, эрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад алба мэргэжлийн ангиудын томилгоот 2058 хүн 344 нэгж техник хэрэгсэл бэлэн байдалд ажиллаж байна. 




Связанные новости