III Филипп хааны ховор алтан зоосыг үнэ хаялцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-11-26 12:56:19

ЖЕНЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /TASS/. Испанийн хаан III Филиппийн 100 эскудогийн нэрлэсэн үнэ бүхий ховор алтан зоос Женевт болсон дуудлага худалдаагаар 2.8 сая швейцар франкийн (3.5 сая ам.доллар) үнэ хүрч зарагджээ. Дуудлага худалдааг Европын Numismatica Genevensis SA ордон зохион байгуулсан байна.


339 грамм жинтэй уг зоосыг 1609 онд Сеговиа хотод Америкаас авчирсан алтаар цутгасан байна. Эл зоос нь Испанийн түүхэн дэх анхны ийм нэрлэгдсэн үнэтэй зоос бөгөөд XVII зууны үеийн Испанийн хаант засгийн бүтээсэн хамгийн том алтан зоос ажээ. Зоосыг гүйлгээнд ашиглах зориулалтаар бус харин хаант улсын эд баялаг, хүч чадлыг харуулах зорилгоор цутгасан гэж Numismatica Genevensis SA ордны мэдээлэлд дурджээ.


Уг зоосыг бүтээх үед хаан байсан III Филипп Испанийг 1598 оноос хойш захирч байжээ. Зоосон дээр Кастилла, Леон, Арагон, Португал, Австри, Бургунди, Брабанс болон бусад нутаг дэвсгэрүүдийн сүлдүүдийг дүрсэлсэн байна. Энэхүү зоостой ижил 100 эскудогийн нэрлэгдсэн үнэ бүхий хэд хэдэн зоосыг дараа нь 1614-1620 оны хооронд цутгасан боловч, 1609 онд цутгасан хувилбар нь онцгой ховорт тооцогддог ажээ. 

Связанные новости