WSJ: Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг шийдсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-01 09:48:20

МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудал АНУ, Украины төлөөлөгчдийн Флоридад хийсэн хэлэлцээний дараа шийдэгдээгүй хэвээр үлдсэн тухай Wall Street Journal сонинд АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээллийг эш татан бичжээ.


Тус сонинд мэдээлснээр, хэлэлцээний үеэр мөн Орос, Украины хооронд “газар нутаг солилцох” боломжийг хэлэлцсэн байна. Оросын тал “шинэ бүс нутгуудаа” олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлагаа үргэлжлүүлэн тавих эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа асуудлуудын нэг хэвээр байна гэдгийг хэвлэлд онцолсон байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Д.Трампын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф нар Украины төлөөлөгчидтэй Флорида муж улсад ням гарагт хэлэлцээ хийжээ. М.Рубио уг уулзалтыг үр дүнтэй болсон гэж дүгнэсэн хэдий ч “цаашид хийх ажил их байна” хэмээн онцолсон байна.


Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Украины төлөөлөгчдийг ахалж буй Рустем Умеров мөн Флоридагийн уулзалт амжилттай болсон хэмээн дүгнэжээ.


“The Wall Street Journal” сонинд ням гарагт Цагаан ордны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, Флоридад болох уулзалтаар Украинд явуулах сонгуулийн тов, нутаг дэвсгэрийн асуудлуудыг хэлэлцэнэ гэжээ. АНУ-ын төлөөлөгчид эдгээр асуудлаар Украины талтай өнөөдрийн уулзалтаар аль болох тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байна гэж Axios цахим хуудсанд  өндөр албан тушаалын эх сурвалжийг эш татан бичсэн байна. 


Уиткофф болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар харилцан тохиролцсон баримт бичгийг мягмар гарагт Оросын талд танилцуулах төлөвтэй байна.

Связанные новости