Монгол цэргүүд хоёрдугаар байр эзэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг" олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний дөрөвдүгээр ээлжийн цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.
Манай албан хаагчид үндсэн үүргээ биелүүлэхээс гадна эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах арга хэмжээ болон эр зориг, тэсвэр хатуужил шаардсан тэмцээн уралдаанд амжилттай оролцсоор байгаа мэдээ ирлээ. Өнгөрөгч долоо хоногт "Шинэ Кабул" баазад зохион байгуулсан цэргийн алба хаагчдын ур чадвар, тэсвэр тэвчээрийг шалгасан тэмцээнд манай цэргүүд амжилттай оролцжээ. Долоон орны долоон баг тамирчин оролцсон энэ тэмцээнд дэд ахлагч Г.Жамсранжав, дэд ахлагч Б.Ням-Эрдэнэ, дэд ахлагч Ш.Шижир-Отгон нар оролцож хоёрдугаар байранд шалгарсан байна. Тэмцээний нэгдсэн дүнгээр нэгдүгээр байранд Англи, Непал улсын хамтарсан цэргийн баг, гуравдугаар байрыг Дани улсын цэргийн баг эзэлсэн байна. Оролцогч цэргүүд 32 кг ачаа үүрч 4 км туулахдаа хэд, хэдэн саадыг даван барианд орж ирсэн нь тэсвэр хатуужлаараа үлгэрлэсэн хэрэг болжээ.
Ж.Батсайхан