Дархан-Уул аймгийн шүүгчид тогтвортой ажиллуулахыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллалаа.
Дархан-Уул аймаг дахь шүүхийн "Иргэдэд үйлчлэх танхим" бусад шүүхэд жишиг болохуйц болсныг ШЕЗ-ийн дарга онцоллоо. Тус шүүх ОХУ-ын мэдлийн байрыг түрээсэлдэг. Энэ онд гэхэд 21 шахам сая төгрөгийн түрээс төлжээ. Уг байрыг түрээсэлснээс хойш 140 гаруй сая төгрөгийн засвар хийсэн байна. Шүүх эрх мэдэл айлын хаяа бараадаж, бусад байгууллагын акталсан байрыг засаад орсон тохиолдол цөөнгүй. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 223 хэрэг хүлээн авчээ. Энэ тоог шүүгчдэд харьцуулахад нэг шүүгчид 44.6 хэрэг ноогдож байгаа. Ирэх онд хоёр шүүгч өндөр насны тэтгэвэрт гарна. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль хэрэгжихээр ачаалал одоогийнхоосоо өснө. Тиймээс шүүгчийн сонгон шалгаруулалтыг хоёр шүүгчийг тэтгэвэрт гарахаас өмнө зарлахыг Ерөнхий шүүгч Я.Туул хүслээ. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч энэ сарын 14-ныг хүртэл 839 хэрэг хүлээн авч 790-ийг нь шийдвэрлэжээ. Ингэснээр шүүгчийн ачааллыг 32.3 хувиар бууруулж. Цаашид эвлэрүүлэн зуучлагчийн орон тоог нэмэх хүсэлтэй байлаа. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 210 хэрэг хүлээн авснаас 190-ийг нь шийдвэрлэжээ. Ачаалал ийм байхад дөрвөн шүүгчийн дунд нэг туслах байгаа нь хүндрэлтэй байгааг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нарангэрэл учирласан юм. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаараач гэдэг саналыг шүүхийнхэн тавив. Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг гадаад руу сургалтад явуулахад анхаарахыг хүслээ.
ХБНГУ-ын Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран шүүхийн захиргааны коллеж байгуулахаар бэлтгэж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга дуулгалаа. гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ж.Батсайхан