Орхон аймгийн шүүхийг "шинэчлэгдсэн" гэж үнэлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭнэ сарын эхээр Орхон аймгийн 184 иргэний дунд санал асуулга явуулахад 80 хувь нь "шүүх шинэчлэгдэж байна" гэсэн бол 39 нь "үгүй” хэмээн хариулжээ.
Шүүгчийн ёс зүй, харилцаа хандлага, шүүхийн үйлчилгээг 148 иргэн "Сэтгэлд нийцэж байна” гэж дүгнэсэн байна. Мөн 109 иргэн шүүхээр үйлчлүүлэхэд хүндрэл бэрхшээлгүй гэсэн судалгаанаас үзэхэд 184 иргэний 146 ( 89 хувь) нь шүүхэд итгэдэг гэж. Орхон аймгийн шүүхийн иргэдээс авсан энэ үнэлгээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан нар баяр хүргэсэн байна. Орхон аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан О.Рагчаа "Миний үед шүүх хуралдааны танхим ганц ширээтэй, жижигхэн өрөө байлаа. Саяхан шүүхээр ороход өөр ертөнцөд орсон мэт сэтгэгдэл төрлөө. Шүүх хэдхэн жилийн дотор ямар их өөрчлөгдөө вэ. Ажиллах нөхцөл, тоног төхөөрөмж үнэхээр сайжирчээ” гэдгээ хэлэв. Гэвч шүүхэд гарч байгаа эерэг өөрчлөлтийг зөвшөөрөх дургүй хүн ч байсаар байна. Нэг аймгийн Засаг дарга аймгийнхаа шүүхийн Ерөнхий шүүгчийг өрөөндөө дууджээ. Шүүгч очихгүй болохоор өөрөө шүүхэд хүрээд ирж. Ирэхэд нь Тахар оруулаагүй гэнэ. Ерөнхий шүүгч ч Засаг даргатай уулзахгүй гэдгээ Тахарт дуулгаж. Тэгтэл Тахарын дэргэд утсаар "Энэ тахарыг татан буулгана гэсэн яасан бэ. Миний ажлыг хийлгэхгүй байна” гэж уурссан тохиолдол гарсан. Шүүгчтэй холбоо тогтоох, нөлөөлөх гэсэн нөхдүүд ийм байдлаар "Саарал ордон” руу утсаар ярьсаар байгаад Тахарыг татан буулгаснаар шүүхийн хаалга эзэнгүй болсон. Тахарыг цагдаад нэгтгэж, унаа тэргийг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх рүү шилжүүлж тарааснаар шүүх хуралдаан хэвийн явах боломжгүй байгааг шүүхийнхэн шүүмжлэв. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ онд 190 хэрэг хүлээн авснаас 165-ыг нь шийдвэрлэжээ. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 151 хэрэг хүлээн авч 142-ыг нь шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурван шүүгчтэй ажиллаж байгаа. Одоогоор 283 хүнд холбогдох 207 хэргийг хүлээн авч 175-ыг эцэслэн шийдвэрлэжээ. Иргэний хэргийн анхан шатны шүүх 1864 нэхэмжлэл хүлээн авч 1381-ийг нь шийдвэрлэсэн байна. Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх цөөн шүүгчтэй, ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх хүсэлтээ даргадаа уламжиллаа. Эвлэрүүлэн зуучлагч 632 өргөдөл хүлээн авснаас 147 нь амжилттай эвлэрсэн байна.
Ж.Батсайхан