ДОРНОД: Буйр нуур, Халх голын сав газрын агаарын хэм 2050 он гэхэд 0.9-2.8 градусаар нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-02 18:17:17

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Буйр нуур-Халх голын сав газрын жилийн дундаж агаарын температур 63 жилийн өмнөхөөс 1.92 градусаар нэмэгджээ. Харин 2050 онд гэхэд 0.9-2.8 градусаар нэмэгдэх төлөвтэй гэж судалгааны тайланд дурджээ.


Сүүлийн жилүүдэд бүс нутаг болон сав газарт уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, түүний үр дагавар онцгой мэдрэгдэх болсон. Тиймээс энэ чиглэлийн судалгаа, хамгааллын ажлыг идэвхжүүлэх шаардлагатайг сав газрын захиргаад, мэргэжлийн хүмүүс ярьж байна. Тухайлбал, Буйр нуурын эрэг, Дэгээ гол дээр ус судлалын харуулыг шинээр байгуулж, Нөмрөгийн харуулыг байнгын, цахим ажиллагаатай болгох, Буйрын Загасны үйлдвэрийн харуулын усан гадаргын ууршлын багажийг автоматжуулах,  Буйр нуурын усны тэнцэл, дүрс зүй, усны биологи, загасны нөөцийн нарийвчилсан цогт судалгаа хийх шаардлага хэдүйн тулгараад байгаа юм. 


Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшлын стандартаар Халх гол, Буйр нуурын сав газарт ус судлалын 6-8 харуул ажиллах шаардлагатай.  Энэ стандартыг хангаж байж усны горим, нөөцийн ажиглалт хэмжилт, үнэлгээний нарийвчлалыг хангах боломжтой болно.  Одоогоор Халх гол, Буйр нуурын сав газрын гурван цэгт ус судлалын харуул ажиллаж байна. 

Связанные новости