БАЯНХОНГОР: Ламын гэгээний улаан тэмээг говийн дөрвөн суманд өсгөн үржүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Чигж, бэсрэг биетэй ч мах, сүү болон ноосны гарцаараа бусад үүлдрээс илүү байдаг онцлогтой Ламын гэгээний улаан тэмээг Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Богд, Жинст суманд өсгөн үржүүлж байна.
Ламын гэгээний улаан гэх үржлийн хэсгийн тэмээг үүлдэр болгохоор хүсэлт явуулсны дагуу ХХААХҮЯ-ны Хянан магадлах улсын комисс тус аймагт ажиллаж, өнгөрсөн онд үүлдрээр баталсан.
Монгол тэмээг судлах, түүний үүлдэрлэг байдлыг сайжруулах, тэмээний тоо толгойг өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх ажилд орон нутгийн удирдлага, мэргэжилтэн, малчид олон жил хамтран ажиллаж ирсэн байдаг. Энэ ажлын хүрээнд 2017 онд Ламын гэгээний улаан тэмээ нь үржлийн хэсгээр батлагдсан юм. Түүнээс хойш үржүүлэг, селекцийн ажлыг үргэлжлүүлэн хийж, удам үндэслэгчдийг тодруулан, бүртгэл хөтөлж, үржлийн цөм сүрэг бүрдүүлэн, удмын үржүүлэг явуулсны дүнд ноос, сүү, мах, ноос, хурдлах чадварын чиглэлээр дөрвөн удам бүхий тохиромжтой хэвшлийн тэмээг Баянлиг, Баянговь, Богд, Жинст, Өлзийт суманд тархаан үржүүлж байгаа юм.
Үржил шим, үнэт ноос үс, аян холын замд даац чадал сайтай улаан тэмээ нь Баянхонгорынхны бахархал. Тэртээ 1000 ламтай, найман дацан, 41 дугантай байсан Баянзүрхийн хийдийн лам хуврагуудыг дөрвөн улиралд сүү, цагаан идээгээр тасралтгүй тэмээн жингээр хүргэж хангадаг байсан ба ингэний сүү, ундаа хүний эрүүл мэндэд ялангуяа суурин суугчдад эм тэжээл, тэнхрүүлэг болдог талаар ламын гэгээний олон дүрийн дурсамжид үлджээ.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд 2024 оны эцсийн мал тооллогоор 4 сая гаруй толгой мал тоолуулсан. Түүнээс 52.6 мянга нь тэмээ бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 7 хувиар өссөн дүн юм.
Аймагтаа Баянлиг сум тэмээний тоогоор тэргүүлдэг бол Галуут сум адуу, Эрдэнэцогт сум үхэр, Баян-Овоо сум хонь, Баацагаан сум ямааны тоогоор тэргүүлж байна.
Ulaanbaatar