ЗАВХАН: Сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад говийн сумдаар өнгөрсөн сард ялимгүй хүйтэн байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-04 15:13:45

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 11 дүгээр сард хөрсний хамгийн бага температур сарын хоёр, гуравдугаар арав хоногт шөнөдөө говь талын нутгаар -27-32 градус, бусад нутгаар -34-39 градус хүрч хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн нь Тэс суманд -42, Цэцэн-Уул суманд -44 градус хүрч хүйтэрсэн тухай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.


Агаарын дундаж температур -12.3 градус буюу олон жилийн дунджийн орчим, өмнөх оны мөн үеийнхээс 3 градусаар хүйтэн байлаа. Энэ сард агаарын дундаж температур говь талын нутгаар -7.6-9.9 градус, бусад нутгаар -10.6-16.7 градус хүйтэн байжээ.


Агаарын температурыг сум тус бүрээр сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад говийн сумдаар ялимгүй хүйтэн, нутгийн төв зүүн хэсгээр ялимгүй дулаан байсан бол Идэр суманд 4 градусаар дулаан байжээ.


Агаарын үнэмлэхүй бага температур сарын хоёр, гуравдугаар арав хоногт үе үе эрс хүйтэрч ихэнх нутгаар -24-33 градус, нутгийн хойд болон зүүн хэсгээр 34-37 градус, Цэцэн-Уул суманд -40 градус хүрч хүйтэрсэн байна. Отгон, Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл суманд агаарт -30 градус давж хүйтэрсэн 5-8 өдөр ажиглагдсан байна.


12-р сарын цаг агаарын дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларсан, 24 суманд 0-16 см-ийн цасан бүрхүүлтэй байна.


12-р сарын 4-ний 08.00 цагийн өртөө, харуулын мэдээгээр Тэс сум хамгийн их буюу 16 см, Баянхайрхан 15 см, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдын нутгаар 14 см-ийн цасан бүрхүүлтэй байна. Баянтэс, Цэцэн-Уул, Түдэвтэй, Тосонцэнгэл сумуудын нутагт 9-14 см, Улиастай, Сонгино, Эрдэнэхайрхан сумдын нутгаар 8 см-ийн цасан бүрхүүлтэй байна. Бусад сумын нутгаар 0-7 см-ийн цасан бүрхүүлтэй байна хэмээн Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурын технологич инженер С.Цацрал мэдээлэв.

Нүүрний гэрэл зургийг: Н.Сүхбат /Завхан аймгийн говийн Ургамал сумын малчны өвөлжөө/

Связанные новости