Морин хуурын найрал хөгжмийн хамт олон Ром хотноо уран бүтээлээ өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-04 20:08:35

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Ром хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.

 

Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд болон тус улсын иргэд, Итали, Европын Холбооны Улсуудад амьдран суугаа монголчууд үзэж сонирхов. Морин хуурын найрал хөгжмийн уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилууллаа.


Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 20 гаруй улсад 600 гаруй удаа тоглосон. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээн, бүрэлдэхүүнийг нь өргөтгөж Морин хуур найрал хөгжим болгосон юм.


Найрал хөгжмийн хамт олон Японы “NHK” телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт “Монголын сайхан орон” уран бүтээлээ толилуулж байсан түүхтэй гэж ЕТГ-аас мэдээллээ.






Связанные новости