“Эх, хүүхдийн эрүүл мэнд-Эх орны эрхэм баялаг” уриатай хандивын барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос “Сайн үйлсийн аян”-ыг дэмжих ажлын хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн хандивын барилдааныг зохион байгуулах гэж байна.
Уг барилдааны бүртгэл өнөөдөр эхэлсэн бөгөөд аварга, арслангуудаар манлайлуулсан чансаа өндөр 256 бөхийн барилдаан гэдгээрээ онцлогтой. Хандивын барилдааны орлогыг ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчлэхэд зориулах аж. Монголын үндэсний бөхийн холбоо, ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар “Эх, хүүхдийн эрүүл мэнд-Эх орны эрхэм баялаг” уриатай тус төвтэй хамтын ажиллагааг эхлүүлж байгаа нь энэ. Хамтын ажиллагааны эхлэл болгож дээрх хандивын барилдааныг зохион байгуулснаар ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг шинэчлэн тохижуулах, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж, улсын хэмжээнд эх, хүүхдийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. Барилдааны үеэр супер азтаныг тодруулан “Тоёота Сиента” маркийн автомашины түлхүүр гардуулна.
Ташрамд дурдахад, Монголын үндэсний бөхийн холбооноос 2021 онд улсын харцага Г.Элбэгийн эмчилгээний зардалд нэмэр болох зорилгоор хандивын барилдаан зохион байгуулахад улсын аварга О.Хангай түрүүлж, начин Ч.Батчулуун үзүүрлэж байв. Тэгвэл хамгийн сүүлд 2024 оны гуравдугаар сарын 1-нд “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаан зохион байгуулсан бөгөөд улсын аварга О.Хангай түрүүлж, заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм.

Связанные новости
Ulaanbaatar