Тэрбумтнуудын тоогоор Америк тив тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд ам.долларын тэрбумтнуудын тоо 2919-т хүрсэн бол тэдний нийт хөрөнгийн хэмжээ 15.8 их наяд ам.доллар болж нэмэгдсэн тухай Швейцарын UBS банкны тайланд дурджээ.
Хэдийгээр зах зээл тогтворгүй байгаа боловч технологийн салбарын хувьцаа, санхүүгийн активуудын үнэ өссөнөөр тэрбумтнуудын нийт хөрөнгө шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн байна.
Өнгөрсөн оныхтой харьцуулахад тэрбумтнуудын тоо 8.8 хувиар өсөж, 2 919 болсон бол тэдний нийт хөрөнгө 13 хувиар нэмэгдэж 15.8 их наяд ам.долларт хүрсэн нь 2021 оноос хойших хоёр дахь дээд үзүүлэлт болсон байна.
Бүс нутгаар нь авч үзвэл, тэрбумтнуудын тоогоор Америк тив тэргүүлжээ. Тус тивийн тэрбумтнуудын нийт хөрөнгө 15.5 хувиар өсөж 7.5 их наяд ам.долларт хүрчээ.
Ази, Номхон далайн бүсийн тэрбумнуудын хөрөнгө нийлээд 11.1 хувиар нэмэгдэн 4.2 их наяд ам.доллар, Европ, Ойрх Дорнод, Африкийн тэрбумтнуудын хөрөнгө 10.4 хувиар өсөж 4.1 их наяд ам.доллар болсон байна.
Салбарын хувьд, технологийн салбарын тэрбумтнуудын хөрөнгө хамгийн их хэмжээгээр буюу 23.8 хувиар өсөж, 3 их наяд ам.доллар болжээ. Үүнээс гадна хэрэглэгчийн зах зээл, жижиглэн худалдаа, үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбаруудын тэрбумтнуудын хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн байна.
Энэ онд өв хөрөнгө өвлөн авсан 91 хүн тэрбумтны эгнээнд нэгдэж, нийтдээ 297.8 тэрбум ам.доллар өвлөн авсан нь өмнөх оныхоос 36 хувиар өсжээ. UBS банкны тооцоолсноор, ирэх 15 жилд тэрбумтнуудын хүүхдүүдэд хамгийн багадаа 5.9 их наяд ам.доллар өвлөгдөнө.
Харин өөрийн хүч хөдөлмөр, бизнесийн амжилтаараа 196 хүн тэрбумтан болжээ. Тэдний хөрөнгийн хэмжээ нийлээд 386.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
Дэлхий дээр нийт 2 545 эрэгтэй, 374 эмэгтэй тэрбумтан бүртгэгджээ. Ирэх онд тэрбумтнуудын хамгийн их болгоомжилж буй эрсдэлүүд бол тарифын бодлогын өөрчлөлт, геополитикийн томоохон зөрчил, улс төрийн тодорхойгүй байдал юм.
Ulaanbaatar