Хятадад 200 сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн мөр олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2025-12-08 17:05:52

ЧЭНДҮ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Xinhua/. Палеонтологичид Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн хадан хананаас 20 гаруй үлэг гүрвэл болон бусад сээр нуруутан амьтдын мөрийг илрүүлжээ. Энэхүү нээлт нь 200 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн хувьслын судалгаанд чухал ач холбогдолтой хэмээн тэд үзэж байна.


Эдгээр мөрийг өнгөрсөн сард Дужянянь хотод нэгэн явган аялагч олсон бөгөөд хожим нь Хятадын Газар зүйн шинжлэх ухааны их сургуулийн /Бээжин/ дэд профессор Шин Лидагийн удирдсан судалгааны баг тэдгээрийг жинхэнэ болохыг баталгаажуулжээ. Энэ нь Дужянянь хотоос үлэг гүрвэлийн мөр олдсон анхны тохиолдол болж байна.


Шин Лидагийн хэлснээр, тэдгээр мөрийн дунд махчин үлэг гүрвэлүүдийн үлдээсэн янз бүрийн хэмжээтэй мөр, мөн хүний ​​гартай төстэй, эртний архозавр хэвлээр явагчдынх хэмээн үзэж буй хиротерийн төрлийн мөрүүд багтжээ. “Энэхүү газрыг онцгой үнэ цэнтэй болгож байгаа зүйл бол хамгийн багадаа дөрвөн давхаргад нь мөр хадгалагдаж байгаад оршиж байгаа бөгөөд энэ нь үлэг гүрвэлүүд энд удаан хугацаанд амьдарч байсан гэсэн үг” хэмээн тэрбээр тайлбарлалаа.


Судлаачид мөн эдгээр мөрний ойролцоогоос чулуужсан модны хэсгүүдийг олсон бөгөөд унасан гуалин, хожуул зэрэг хадгалагдан үлдсэн нь 200 сая гаруй жилийн өмнөх тухайн газар орны экосистемийн талаар нэмэлт мэдээлэл өгөх юм. Сычуань мужийн Зигун үлэг гүрвэлийн музейн судлаач Жян Шан хэлэхдээ, энэхүү шинэ олдвор нь судлаачдад Хятад дахь үлэг гүрвэлийн эртний хувьслын түүхийг илүү нухацтай судлахад тус дөхөм болно гэжээ.




Связанные новости