БУЛГАН: Аяганы хэрэглээ анх модон аяганаас үүсэлтэй гэж үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-16 11:40:04

Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголчууд аягаа тусгай уутанд хийж, эрхэмлэн дээдэлдэг өөр бусдад дамжуулахгүй, зөвхөн өөрөө л хэрэглэдэг нандин өмч нь байв. Хүн бүхэн өөр өөрийн ногдсон аягатай, арчиж цэвэрлэдэг алчууртай, түүнийгээ хийж явдаг аяганы ууттай байжээ.


Нүүдэлчин монголчуудын соёлын нэгээхэн хэсэг болсон аяганы соёл нь асар эртний түүхтэй ажээ. Хүн үүссэн цагаас эхлэн аяга үүссэн гэж үздэг байна. 1000-3000 жилийн тэртээгээс аяганы түүхийг судлан ирсэн нь археологийн олдворуудаас олджээ.


Аяганы хэрэглээ анх модон аяганаас үүсэлтэй гэж үздэг ажээ. Мөн эртний хүмүүсийн хэрэглэж байсан аяганууд нь ихэвчлэн шавар аяга байсан бөгөөд шавар аяга урлахад хамгийн амархан боловсруулагддаг, дулаан, чийгэнд тэсвэртэй материалаар урладаг байв. МЭӨ 4-6 дугаар зууны үеэс цутгамал төмрийн сав суулга үйлдвэрлэж эхэлжээ.


XVIII зуунд Англид үхрийн ясыг шатааж үнс гарган авч ясны шаазан үйлдвэрлэх технологийг нээсэн байна. Энэхүү шаазан эдлэлийг Bone China гэж нэрлэдэг байсан бөгөөд одоо тэр аягыг Хятад улсад үйлдвэрлэдэг байна. Шаазан хийх техникийг XVIII зууны 40-өөд оны сүүлээр Орос улсад авчирсан ба анхны үйлдвэр нь эзэн хааны шаазан үйлдвэр байв.


XX зуунд зэвэрдэггүй сав суулга үйлдвэрлэж эхэлсэн бол XXI зуунд керамик аяга таваг үйлдвэрлэн хэрэглэж эхэлсэн. Техник технологийн хурдацтай хөгжлийн үр нөлөөгөөр өнөөдөр бидний хэрэглэж буй аяга нь маш олон янзын хийц загвартай, чамин тансаг, хөнгөн авсаархан гэх мэтээр байгалийн чулуунаас эхлээд хиймэл аргаар гарган авсан материал, цаас хүртэл ашиглан олон төрлөөр бүтээн өргөжин хөгжиж байна.


Аяг жаяг зөв байхыг бэлгэдэж аяга гэсэн нэр үүсжээ. Монгол хүн бүр өөрийн аягатай байсан нь нэг талаас аяг жаягтай байх буюу бусдын аягт автахгүй байх ухаан, нөгөө талаас гэмтэж, сэвтэхгүй , халдвар авахгүй байх арга байжээ


Жаяг гэдэг нь жам ёсон үнэнч байхыг хэлдэг. Тиймээс эцэг эх нь хүүхдэдээ багаас нь аягыг нь бэлдэж өгдөг байсны учир энэ ээ.

Хүн бүр өөрийн аягатай болчихвол монголчууд бид аргаараа ч, билгээрээ ч амархан дэвжих учиртай ажээ


Монгол түмний өнө эртний түүх соёлын тухай "Аягатай монгол хүн" төслийг санаачлагч доктор /Ph.D/ профессор, академич, соёл судлаач багш Д.Дарьсүрэнгийн "Аягтай монгол хүн" , "Монгол ухаан" номуудаас тодрууллаа. 





Связанные новости