115 шүүгч 96 нөлөөллийн мэдүүлэг хөтлөн ирүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан Ахлах шинжээч Ц.Гүнзаяабаяраас шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох асуудлын талаар тодрууллаа.
-Шүүгч нөлөөнд
автахгүйгээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ талаар хууль,
тогтоомжид хэрхэн заасан байдаг вэ?
-Шүүгч хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар, гагцхүү хуульд захирагдаж шийдвэрлэнэ. Улс төрийн аливаа өндөр албан тушаалтан, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэж Монгол Улсын Үндсэн хуульд эрх зүйн үндсийг заасан байдаг. Хэрэв шүүгчид аливаа этгээдээс нөлөөлөх оролдлого, үйлдэл гаргасан тохиолдолд шүүх бүрэлдэхүүн, шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг хуулийн зохицуулалтай.
-Тэгвэл нөлөөллийн
мэдүүлэг гэж юуг хэлээд байна вэ?
-Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичиг юм. Нөлөөллийн мэдүүлгийг шүүгчээс гадна шүүхийн иргэдийн төлөөлөгч мөн хөтөлдөг. Нөлөөллийн мэдүүлэг гэж юу болох, ямар үр дагавар талаар шүүхээс хэргийн оролцогчид тайлбарлан танилцуулж, энэ талаар баримтад гарын үсэг зуруулдаг.
-Шүүгчид нөлөөлөх
оролдлого гэж юу юм бэ?
-Аливаа этгээдээс шүүгчийг шүүн таслах үүргээ хэрэгжүүлэх явцад өөрт нь эсхүл ойр дотны хүнд нь хүч хэрэглэх, дарамт шахалт үзүүлэх, заналхийлэх, сүрдүүлэх, гүтгэх, авлига, шан харамж өгөхийг завдах, аливаа албан тушаал, шан харамж амлах, ятгах, эсэргүүцэхийг оролдох зэргээр нөлөөлөх гэсэн үйлдэл, арга хэлбэрийг хэлнэ.
-Хэрэв шүүгчид
нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Шүүгч аливаа этгээдийн нөлөөлөх гэсэн оролдлогод Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар нөлөөллийн мэдүүлэг хөтөлж Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлдэг. Шүүхийн ерөнхий зөвлөл тухайн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн холбогдох эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг. Мөн шүүгч нөлөөллийн мэдүүлгээс гадна Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44.2-т заасан тодорхой албан тушаалтантай ганцаарчилж уулзсан, харилцсан, тухайн албан тушаалтан нь бусдаар дамжуулж шүүгчид аливаа байдлаар нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд энэ талаар тэмдэглэл хөтөлж ажлын 3 хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд даруй хүргүүлдэг.
-Шүүгчид нөлөөлөх
асуудлыг эрх бүхий байгууллага нь шалган тогтоосон тохиолдолд ямар арга хэмжээ
авдаг вэ?
-Тухайн шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан этгээдийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй байна гэж тогтоовол Зөрчлийн тухай хуульд зааснаар хүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, харин тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Эрүүгийн хуульд зааснаар 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, тухайн гэмт хэргийг дээд шатны албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд дарамт шахалт үзүүлж, давуу байдал бий болгож, бий болгохоор амлаж, ятгаж үйлдсэн бол 10000-40000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
-Өнөөдрийн байдлаар
хэдэн шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн байдаг вэ?
-Шүүгч нөлөөллийн
мэдүүлэг хөтөлдөг болсон эрх зүйн орчин анх шүүхийн шинэтгэлийн хүрээнд
батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар 2012 оноос эхлэн бүрдсэн.
Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 115 шүүгчээс 96
нөлөөллийн мэдүүлэг хөтлөн ирүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна.
Ulaanbaatar