ЗАВХАН: Аймгийн нутаг дэвсгэрт 2831 дэх чичирхийлэл, хөдлөл бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Идэр сумын төвөөс хойд зүгт 27 километрийн зайд 06:39:56 цагт өнөөдөр 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлт нь Тэлмэний хөндий дэх улаан үзүүр хэмээх газар буюу газар зүйн байршил, өргөрөг, уртраг нь 48.45 97.25 байна. Тосонцэнгэл сум дахь газар хөдлөлтийг хэмжих багажид тэмдэглэгдсэн энэ жилийн 3.5 магинтудын хоёр дахь хөдлөл юм.
Завхан аймгийн нутаг дэвсгэрт энэ жил бүртгэгдсэн 2831 дэх чичирхийлэл хөдлөл юм.
Завхан аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл, тохиолдол сүүлийн 10 жилд зургаа дахин нэмэгдсэн байна. 2014 онд 444 удаагийн газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдэж байсан бол 2024 онд 2628 болж нэмэгджээ хэмээн газар хөдлөлт бүртгэх Тосонцэнгэл салбарын инженер Н.Бат-Эрдэнэ мэдээлэв.
Ташрамд Завхан аймаг нь газар хөдлөлийн 7-гоос дээш баллын
бүсэд аймгийн бүх сум суурьшиж байна. Аймгийн 22 сумын хоёр нь 7 баллын бүсэд,
9 сум нь 8 баллын бүсэд, 10 сум нь 9 баллын бүсэд хамаарагдаж байна. Тосонцэнгэл суманд газар хөдлөлтийг хэмжих
нэг станц ажилладаг ба Улиастай суманд эрсдэл үүссэн нөхцөлд дөрвөн хэсэгт дуут дохионы цамхаг ажилладаг.
Ulaanbaatar