ДАШТ-д “Star” хамтлаг дөрөвдүгээр байрт шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-17 12:18:18

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. 2025 оны “Latin Formation” бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австри Улсад энэ сарын 13-нд боллоо.


Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монголын “Star” хамтлаг монголчуудын өөрсдийн дэглэн найруулсан бүжгээрээ 4 дүгээр байрт шалгарч, финалын цом авсан нь Герман, Австри, Голланд зэрэг бүжгийн томоохон орны дэглээчдийн дараа эрэмбэлж, монгол хүний оюуны бүтээлийн дэлхийн үнэлгээ болов.


“Agape-When Love Dances” нэртэй уг бүжгийг Д.Батсайхан, Н.Онондарь нар дэглэжээ. Тус бүжгийг “Star” хамтлагийн 16 тамирчин мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.


Сүүлийн жилүүдэд “Star” хамтлагийн бүжигчид эх орноо дэлхийн хэмжээнд сурталчилж, монгол хүний уран сэтгэлгээ, бүжгийн ур чадварыг олон улсад таниулсаар байна. Өнгөрсөн жил “Монголын хийморь” нэртэй бүжгээр 4 дүгээр байрт шалгарч, Дэлхийн бүжгийн спортын холбооны /WDSF/ YouTube сувгаар үзэлтээрээ тэргүүлсэн нь Монголын өв соёлыг дэлхийд сурталчилсан томоохон амжилт болсон юм.


Энэ онд “Star” хамтлаг 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 дүгээр байр эзэлсэн ХБНГУ-ын “C” зэрэглэлийн хамтлагтай “DJ and Dance Journey” бүжгээр гэрээ байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлжээ.


Связанные новости