ЗАВХАН: Сурагч А.Гэмпэлмаа цээж тооллын төрөлд алтан цом хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн Жавхлант цогцолбор сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Адъяагийн
Гэмпэлмаа "UCMAS-2025" тэмцээний цээж тоолол, соробан сампингийн төрөлд алтан
цомын эзэн болжээ.
Гүрж улсын Тбилиси хотод энэ сарын 6-7-нд "UCMAS-2025" тэмцээн болж, дэлхийн 80 гаруй орны 1500 гаруй тамирчин 10 ангилалд оюун ухаан, авьяас билгээ сорин өрсөлдлөө. Энэ тэмцээний цээж тоолол, соробан сампингийн төрөлд Тояа хүүхэд хөгжлийн академийн Завхан салбарын суралцагч А.Гэмпэлмаа тэргүүн байрт шалгарч, алтан цомын эзэн болсон юм.
Манай Тояа хүүхэд хөгжлийн академийн Завхан салбар энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хүүхдүүд маань маш амжилттай оролцсонд талархаж, бахархаж байна.
Төвийг анх үүсгэн байгуулсан Ч.Жавзанпагма багшдаа баярлалаа. Энэ төвийн үйл ажиллагааны үр дүн бол хүүхдүүдийн маань амжилт юм. Хүүхдүүд маань нэгдүгээр сараас эхлэн хичээллэж, тавдугаар сард болсон үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс 6 хүүхэд сампингийн төрөлд хүрэл цом, ой тогтоолтоор алтан цом, мөнгөн цомыг хүртсэн.
11 дүгээр сарын 29,30-нд зохион байгуулсан "Toya cup-2025" тэмцээнээс 12 хүүхэд 3 цом, 14 медаль хүртсэн бол энэ сарын 6,7 нд Гүрж улсад болсон "UCMAS-2025" олон улсын тэмцээнээс А.Гэмпэлмаа цээж тооллын дэлхийн аваргын алтан цомын эзэн болсон амжилт бүтээл дүүрэн жил болж байна.
Хүүхдийн сурлагын амжилтыг тодорхойлох таван үндсэн чадвар байдаг. Тэгвэл эдгээрийг хамгийн үр дүнтэйгээр хөгжүүлэх боломжийг Японд төдийгүй дэлхийн олон улс оронд үр дүн нь хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хэрэглэгдэхүүн болох Япон сампин, соробан олгодог. Сампингаар тогтмол хичээллэсэн хүүхдийн баруун, зүүн тархи зэрэг хөгжиж, тархины тэнцлийг хангах боломж олгодгоороо онцлогтой.
Сампингаар хичээллэснээр дан ганц тоог хурдан бодож сурна
гэх ойлголт ард хоцорсон. Сүүлийн үеийн судалгаагаар сампин нь хүүхдийн
анхаарал төвлөрөл, ой тогтоолт, төсөөлөн бодох чадвар зэрэг маш олон
чадварыг суулгаж, хөгжүүлж өгдөг давуу талтай нь батлагдаж байна. Тиймээс
бид хүүхдүүдийнхээ бүх чадварыг хөгжүүлэхэд дэмжиж зааж сургаж, хамтран
хичээдэг юм. Цаашид орон нутгийн олон хүүхэд сорабан сампингаар хичээллэж амжилт гаргахад нь тусална хэмээн Тояа Хүүхэд хөгжлийн академийн Завхан салбарын сампин ой
тогтоолтын багш Г.Ариунцэцэг хэллээ.
А.Гэмпэлмаагийн аав Н.Адъяа: Хүүхэд бүр өөрийн гэсэн өгөгдөл, авьяастай байдаг
-Манай аймагт Тояа хүүхэд хөгжлийн төвийн салбар орж ирсэн үеэс бид охиноо энэ төвийн суралцагч болгосон. Нэгдүгээр ангид орохоос нь өмнө явуулж эхэлсэн юм. Ахынхаа тоо бодож байгааг хараад, гэртээ тоо бодох дуртай байсан энэ өгөгдлийг нь дэмжсэн хэрэг.

Сорабан сампингийн сургалт хүүхдийг суулгаж сургадаг, аливааг сэтгэн бодох хурдыг нь сайжруулж дэмждэг юм байна. Охин маань энэхүү олон улсын тэмцээнд явахаасаа өмнө нэг сонин зураг зурсан байсан. Тухайн үед зургийг нь ойлгоогүй ч цомоо аваад ирэх үед нь л зургийнх нь утгыг ойлголоо. Зурсан зургийг нь харахад өөрийн мөрөөдлөө л зурж, цомоо авсан байдлаар зурсан байгаа нь үнэхээр бахархам, бас их сонин мэдрэмжийг өгсөн шүү. Аав, ээжүүд хүүхдээ цаг үргэлж ажиглаж, тэднийг дэмжиж явах нь ямар ч амжилтад хүрдэг юм байна.
Хүүхэд бүр өөрийн гэсэн өгөгдөл, авьяастай байдаг.
Хүүхэд цэцэрлэгт байхдаа л хөгжиж эхэлдэг юм билээ. Миний охин Улиастай сумын 3-р цэцэрлэгт хүмүүжсэн. Тус цэцэрлэгийн бага бүлгийн багш Г.Отгонбилэг, ахлах бүлгийн багш нь Ц.Аз, хөгжмийн багш нь н.Ганзаяа нар нь хүүхдийг минь маш сайн хөгжүүлсэн. Түүний дараа Тояа хүүхэд хөгжлийн төвийн багш нар болох Г.Ариунцэцэг, Ч.Жавзанпагма, тэмцээнд ороход нь арга зүйн зөвлөгөө сургалт өгсөн олон улсын бэлтгэлийн багш нар болох н.Уянга, н.Солонго, н.Даваацэнд, Тояа академийн сургагч багш нартаа баярлалаа.
Мөн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн ангийн багш С.Розад нь талархаж байна. Багш нар хүүхдийн өгөгдөл, чадварыг хөгжүүлж, эцэг эхчүүд бид хамтран дэмжсэнээр ямар ч хүүхэд амжилтад хүрдэг. Тиймээс эцэг эхчүүдэд та хүүхдээ ажиглаарай, дэмжээрэй, багш нартай нь хамтарч ажиллаарай гэдгийг л дахин хэлмээр байна.
Олон улсын тэмцээнд оролцоно гэдэг нэр төрийг хэрэг бөгөөд, хүүхдийг илүү хүсэл мөрөөдөлтэй байж, чадвараа ахиулахад нь нэг шат ахиулж, амжилтад хүрэхэд нь том хөшүүрэг болдог. Энэ удаагийн тэмцээнд явахад нь тусалж дэмжсэн Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ХГБХ-ийн дарга Д.Цэгмид, Улиастай рестораны удирдлагуудад талархал илэрхийлье.
Ulaanbaatar