ЗАВХАН: Тогтвортой хөгжлийн зургаадугаар зорилтыг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-19 16:06:40

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн боловсролын салбарын 90 гаруй байгууллага баталгаат ундны ус, цэвэршүүлсэн усыг хэрэглэж байна.


НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 6-д: “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангана” хэмээн заасан.


Энэ 6-р зорилттой холбоотойгоор 2030 он гэхэд хүн бүрийг аюулгүй, боломжийн үнэтэй ундны ус, тэгш хүртээмжтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангасан байх шаардлагатай болж байна. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сантай энэ чиглэлээр Завхан аймаг сүүлийн гурван жил хамтран ажиллаж бодит үр дүнг бий болгожээ.


Завхан аймгийн боловсролын салбарын 90 гаруй байгууллага НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр ус цэвэршүүлэгч аппараттай болсон юм. НҮБ-ын дэмжлэгээр олгосон энэхүү ус цэвэршүүлэгч аппаратыг MNS6782: 2019 ерөнхий шаардлагад нийцүүлэн, 75 хүүхдийн дунд зориулалтын нэг ус цэвэршүүлэгч байхаар зааж өгсний дагуу хүүхдийн тоонд харьцуулан сургуулиудад хуваарилан хэрэглэж байна. Цэвэршүүлэгч төхөөрөмжийг солих, засах үйлчилгээг тухайн сургуулиуд хариуцан ажилладаг.


Сургууль цэцэрлэгүүд, ус цэвэршүүлэгчтэй болсноор олон үр дүнг бий болгосон. Хүн эрүүл байхын тулд өдөрт 2 литрээс багагүй цэвэр ус уух шаардлагатай гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэр тусмаа өсөж яваа хүүхдүүдийн хувьд өдөр тутамдаа цэвэр ус ууж хэвших нь эрүүл өсөлтөд чухал нөлөөтэй байдаг байна. Хүүхдүүд өдөр бүр цэвэр ус уухын ач холбогдлыг танин мэдэж, зөв дадалтай болсон байна. Цэвэр устай холбоотой танин мэдэхүйн, усаа хайрлаж, гамнах тухай мэдлэг ойлголттой ч болсон байна. 


Өөрөөр хэлбэл тус аймгийн 5197 цэцэрлэгийн хүүхэд, 15778 сургуулийн хүүхэд, 1291 багш, 1474 ажилтнууд стандарт хангасан ундны усаар хангагдаж байна хэмээн Завхан аймгийн Боловсролын газраас мэдээлэв.  


Связанные новости