ЗАВХАН: Тэс суманд хотгойдын дээдсийн үүсгэн байгуулсан суурингийн тууриуд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-17 16:22:41

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэс сумын нутагт түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд олон бий.


Тухайлбал тус сумын нутагт орших хийдийн балгасны орчимд хотгойдын дээдсийн үүсгэн байгуулсан суурин байж болзошгүйг судлаачид тэмдэглэжээ. 1978 онд судлаач О.Намнандорж Завхан аймгийн Тэс сумын нутаг, Тэсийн голын нэгэн арал дахь Гандантэгчэнлин хийдийн балгасны ойр орчимд хэдийд барьсан нь тогтоогдоогүй эртний эвдэрхий балгасны туурь нэлээд буй хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүнийг хожим доктор А.Очир нарын судлаачид шинжлээд хотгойдын дээдсийн үүсгэн байгуулсан суурин байж болно хэмээн үзжээ.


Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт XIV-XVII зууны барилга, архитектурын ховор дурсгал, цэрэг, шашны зориулалттай ашиглаж байсан ул мөртэй туурь бий. Сүм толгойн туурь нь сумаас баруун хойш таван километр зайд уулын оройд байдаг түүх, соёлын том өв юм. Нутгийнхны Сүмт толгой гэж нэрийдсэн тус туурь, цайз хэрмийг яг ямар зориулалттай хэдий үед хэрэглэж байсан нь өнөө хир нэг мөр болоогүй. Шинжлэх ухаан, түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэд малтлага судалгаа хийж байгаа гэж судлаачид ярьж байна.


Мөн профессор А.Очир энэ бол Хотгойдуудын өвөг дээдсийн суурин XVII зуунд харьяалагдана гэх. Харин академич С.Чулуун XV-XIX зуунд харьяалагдах ховор дурсгал, шашны зориулалт бүхий суурин гэсэн бол Түүхийн ухааны доктор Д.Баярсайхан Улиастай дахь Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн жанжны газраас Тэс голд суулгасан цэргийн бэхлэлт XVIII зуунд харьяалагдана хэмээн үзсэн байна.


Нэгэн баримт дурдвал, 1915 онд нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов Тэс сумын төвийн ойролцоо Зүр уулын өмнө этгээдэд Дооно уулын ар суганд Хөндлөн уулын зүүн хойд хормойд орших толгойн оройд давхарлан тогтсон хаднаа бичсэн 25 үсэг, зурлага бүхий түрэг бичээс дөрвөн тамга олжээ. Энд “баатар Ашун...түрэгийн баатар Ашун би бичив. Хавар очлоо би” хэмээн бичсэнийг судалгааны явцад тайлж уншжээ. Үүнээс хойш тус бичээсийг С.Г.Кляшторный, М.Шинэхүү, С.Харжаубай, Л.Болд, Ц.Баттулга нар дахин нягтлан судалж нийтлүүлсэн бөгөөд “Зүрийн овооны түрэг бичээс” хэмээн судалгааны ном зохиолд нэрлэгдэх болжээ.

XIV-XVII зууны барилга, архитектурын ховор дурсгал Цайз хэрмийн балгас, Тэс сум

Связанные новости