ЗАВХАН: Дотуур байрыг ашиглалтад оруулснаар хөдөөгийн хүүхдүүд тухтай орчинд сурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн Политехник коллежийн 150 хүүхдийн дотуур байрны барилгыг ашиглалтад
орууллаа.
Завхан аймагт энэ жил боловсролын салбарт улсын төсвийн 71.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 18 төсөл хэрэгжүүлж байна. Үүний нэг нь аймгийн Политехник коллежийн 150 ортой дотуур байр юм.
Тус дотуур байрыг улсын төсвийн 4533.7 сая төгрөгийн
өртөгтэй "Аз өрнөх" ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэжээ. Өнгөрсөн
оны тавдугаар сард эхлүүлсэн барилга угсралтын ажил гэрээт хугацаанаасаа өмнө
дуусаж, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах улсын
комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа. Барилгын
зураг төслийг "Өлзий-Иш" ХХК боловсруулсан байна хэмээн Завхан
аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээлэв.
Манай сургуульд аймгийн 24 сум, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймгуудын хөрш зэргэлдээ сумд, Улаанбаатар хотоос хүүхдүүд ирж сурдаг. Энэ хичээлийн жилд 480 гаруй хүүхэд, оюутнууд суралцаж байна. Сургуулийн хуучин дотуур байр нь 1964 онд ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа нь дууссан барилга юм. Жил бүр засвар үйлчилгээ хийж дотуур байранд 73 хүүхэд амьдардаг. Бусад хүүхдүүд нь дотуур байрны хүрэлцээ байхгүйгээс гадуур байрладаг байсан юм.
Сургуулийн шинэ дотуур байр ашиглалтад орсноор дотуур байрын хүрэлцээ сайжрахаас гадна, холоос ирж суралцаж байгаа хүүхдүүд тав тухтай орчинд суралцаж амьдрах боломж бүрдэж байна. Мөн хүүхдүүд гаднаас ирж очих цаг хугацаагаа хэмнэж, хичээл завсардалт багасаж, сургуулийн орчиндоо тухтай нөхцөлд халуун хоол ундтай, ариун цэврийн стандарт хангасан тухтай орчинд суралцах боломж нь бүрдлээ.
Манай сургуульд зорин ирж суралцаж байгаа хүүхдүүд, ялангуяа Улаанбаатар хотоос ирж суралцаж байгаа хүүхдүүд эрүүл хоол хүнстэй, эрүүл агаарт, зардал бага, үнэ төлбөргүй суралцах боломжтой хэмээн сонгож ирсэн тухайгаа ярьдаг хэмээн Завхан аймгийн Политехникийн коллежоос мэдээлэв.

Ulaanbaatar