СҮХБААТАР: Эх, хүүхдийн сүүний кафе ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газарт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн сүүний кафе”-г нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Энэхүү кафен үйл ажиллагаа нь эх, хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, хоол тэжээлийн дутлаас урьдчилан сэргийлэх, эрүүл өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
Тус
сүүний кафег байгуулах гол үндэслэл нь Баруун-Урт сумын есөн багийн 6-23 хүртэлх сартай 374 хүүхдээс өрхийн эрүүл мэндийн эмчийн үзлэгийн үнэлгээ дүгнэлтэд тулгуурлажээ.
Эдгээрээс эхний ээлжид уураг, илчлэгийн дуталтай, өсөлтийн хоцрогдолтой, суурь өвчлөлтэй, өрх нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, өвчлөлд өртөх эрсдэл их зэрэг үзүүлэлт бүхий 50 хүүхдийг сонгон кафен үйлчилгээнд хамруулж байна.
Сонгогдсон
хүүхдүүдэд долоо хоногт таван удаа, насанд нь тохирсон, илчлэг тэжээл ихтэй тосгүй сүүний аарц, тэжээллэг зутан, тослог тэнцвэржүүлсэн ариутгасан сүүгээр тогтмол хооллож, өсөлт хөгжил, дархлааг нь дэмжих юм.
Эхний хүүхдүүдэд гарсан үр дүнд үндэслэн дараа дараагийн ээлжийн хүүхдүүдийг хамруулах, сүү, цагаан
идээний орц нормыг тодорхойлох зэрэг ажлыг шат дараатай хийнэ.
Эх, хүүхдийн сүүний кафе нь Сүхбаатар аймагт ашиглалтад ороод удаагүй "Нутгийн сүү" сүүний үйлдвэрийг түшиглэн сүү, цагаан идээгээ бэлтгэж байна.
Ulaanbaatar