ЗАВХАН: Худгийн ундны ус зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хатуулагтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт хяналт
шалгалтаар 554 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулсан тухай аймгийн
ЭМГ-аас мэдээлэв.
Тухайлбал 24 сумын 62 худгийн усны 62 дээж, боловсролын байгууллагын 18, эрүүл мэндийн 17, хүнсний 2 усны дээжийг нян судлалын шинжилгээнд 3 үзүүлэлтийн түвшинд хамруулан шинжилжээ.
Эдгээр шинжилгээгээр хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал, ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангасан эсэхийг үнэлсэн байна. Усны химийн шинжилгээгээр 44 дээжийг хамруулахад Баянхайрхан, Их-Уул сумын 3-р худаг, Дөрвөлжин, Тэлмэн сумын 1, 2-р худгийн ундны ус хатуулаг их, зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.05-1.09 дахин хэтэрсэн үзүүлэлтээр ундны усны шаардлага хангаагүй шинжлэгдсэн.
Эрдэнэхайрхан сумын 3-р
худаг, Ургамал сумын 1-р худгийн ундны усанд фторын агууламж бага үнэлэгдсэн
байна. Бусад сумдын худгийн ус нь стандартын хэмжээнд байсан гэж Завхан аймгийн
ЭМГ-ын хяналт, шалгалтын хэлтсийн дарга, улсын байцаагч Б.Долгорлхам мэдээлэв.
Ulaanbaatar