БАЯНХОНГОР. Найман багш Монгол Улсын Зөвлөх багш боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-19 18:31:52
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Боловсролын сайдын тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох журам"-ын шалгуур, шаардлагыг хангаж, Баянхонгор аймгийн найман багш Монгол Улсын Зөвлөх багш боллоо.

Аймгийн Боловсролын газрын дарга Л.Аюурзана, Эрдэнэмандал сургуулийн захирал Л.Ононхүү, Номгон сургуулийн захирал Л.Сарангэрэл, Номгон сургуулийн сургалтын менежер Д.Лхагвасүрэн, Номундалай сургуулийн Хэл бичиг, уран зохиолын багш Д.Цэдэв, Номундалай сургуулийн бага боловсролын багш Ж.Туул, Эрдэм сургуулийн бага боловсролын багш Ч.Үүртуяа, Соого сейко сургуулийн бага боловсролын багш Н.Наранжаргал нар Монгол Улсын Зөвлөх багш болов.

Боловсролын салбарт 50 гаруй мянган багш ажиллаж байгаагаас 794 нь Зөвлөх багш зэрэгтэй байдаг байна. Энэ онд СӨБ, ЕБС-ийн нийт 182 багш зөвлөх зэргийн шалгуурыг хангаж, "Зөвлөх багш" хэмээх эрхэм алдрын эзэн болжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан бөгөөд Зөвлөх багш нарын арга зүй, технологи, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багшийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөх багшийг “Ментор багш”-аар бэлтгэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах юм байна.

Ташрамд, Аймгийн хэмжээнд 31 сургууль, 44 цэцэрлэгт 2730 ажилтан албан хаагч, шат шатны сургууль, цэцэрлэгүүдэд 1400 орчим багш ажиллаж байна.
Связанные новости