ӨВӨРХАНГАЙ: 2030 он гэхэд аялал жуулчлалын салбараас 80 сая ам долларын орлого олох зорилт дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-23 16:07:07

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэн дүгнэж, 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа.


Аймгийн ИТХ-ын 2020 оны 03/02 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг 4 бүлэг, 32 зорилт, 158 арга хэмжээтэй төлөвлөж, таван жилийн турш хэрэгжүүлж ирсэн юм. Гарааны жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 614.2 тэрбум байсан бол 2024 онд 1.1 наяд хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 9.6 сая болсон байна.


Энэ хугацаанд эдийн засаг, үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний салбарыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжиж, 604 аж ахуйн нэгж, 2958 иргэнд 122.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин боловсруулах үйлдвэрлэл, уул уурхайн салбарын үзүүлэлт буурсан бөгөөд үүнд онцгой анхаарч ажиллахаа аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд хэллээ. Төлөөлөгчид Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүнг 77.6 хувийн биелэлттэй хэмээн дүгнэв.

Мөн 2026-2030 оны үндсэн чиглэлийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай уялдуулан боловсруулж, бодлогын найман чиглэлийн хүрээнд 132 үр дүн, 185 шалгуур үзүүлэлтийг тодорхойлон баталлаа. 



Үүнд эдийн засгийн дундаж өсөлтийг 50 хувиар нэмэгдүүлэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15 сая төгрөгт хүргэх, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг өнөөгийн 565 тэрбумаас 61.2 хувиар өсгөн 911 тэрбумд болгох зэрэг зорилгуудыг дэвшүүлээд байна. Өнөөгийн байдлаар гадаад жуулчдын тоо жилд 35 мянга байгааг 100 мянгад хүргэж, аялал жуулчлалын салбараас 2030 он гэхэд 80 сая ам долларын орлого олох зорилт тавьжээ.


Тэрчлэн ирэх таван жилийн хугацаанд 515.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил өрнүүлэх бөгөөд бүх сумдыг инженерийн шугам сүлжээнд болон улсын чанартай авто замд хатуу хучилттай замаар холбох юм. 

Хурлын үеэр Төлөөлөгчид санал хэлж, уул уурхайгаас олох үр ашгийг нэмэгдүүлэх, ашиггүй ажиллаж байгаа орон нутгийн өмчит  компаниудыг нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшилд шилжүүлэх, татварыг орон нутагтаа төвлөрүүлэх, хүн амын эрүүл мэндэд анхаарах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах гэхчлэн олон асуудалд дэвшил гарган ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

 

Связанные новости