СЭЛЭНГЭ: "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Шаамар сумын ЕБС-д хөрөнгө оруулалт хийнэ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игахавара Масарү, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар Япон Улсын Засгийн газрын 2025 оны "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөлд энэ сарын 24-ний өдөр гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд тус аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны ЕБС-ийн гал
тогоо болон хооллох танхимын барилгыг барих юм. Үүнтэй холбогдуулан Элчин Сайд Игавахара Масарү Дулаанхаан тосгоны Ерөнхий
боловсролын сургуультай танилцаж, багш, ажилчид, сурагчидтай уулзлаа.
Одоогоос 21 жилийн өмнө “Өвсний үндэс” хөтөлбөрийн
хүрээнд 50 сая гаруй төгрөгийн буцалтгүй тусламжаар сургалтын хэрэглэгдэхүүн
тус сургуульд ирж байсныг сургуулийн захирал онцолсон юм.
Энэ
удаа дахин 600 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хүүхдүүдийн эрүүл,
аюулгүй орчин нөхцөлд сурч боловсрох боломжийг бүрдүүлэн өгч байгаад тус
сургуулийн хамт олон талархлаа. Дулаанхаан тосгоны ЕБС-д 380 сурагч суралцаж,
180 хүүхэд "Үдийн цай" хөтөлбөрт
хамрагдаж байна.
Дээрх хөтөлбөрийн үр дүнд эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд хоол үйлдвэрлэх, сурагчид тав тухтай орчинд хооллох таатай нөхцөл бүрдэж, тус орон нутгийн боловсролын орчин нөхцөл сайжрахад эерэг үр нөлөөг үзүүлэх юм.
Ulaanbaatar