ДОРНОГОВЬ: Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-25 16:27:08

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-нд хуралдсан аймгийн ИТХ-аар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталлаа.


Энэхүү төлөвлөгөөг “Лапланд эко” ХХК  аймгийн ЗДТГ-аас гаргасан ажлын даалгаврын хүрээнд боловсруулсан байна. Төлөвлөгөөг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,  “Алсын хараа 2025” урт хугацааны бодлогын баримт бичиг, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг харгалзан суурь судалгаа, хэтийн төлөвлөлт, шийдэл гэсэн гурван сэдвийн хүрээнд боловсруулжээ.


Тухайлбал, Дорноговь аймгийн хүн амыг 2030 он гэхэд 81513, 2037 онд 95655 болж өсөх тооцооллыг гаргасанаас гадна орон сууцны эдэлбэр газрын хэрэгцээг хөгжлийн төвүүдэд илүү байхаар төлөвлөж Сайншандад 3171.2 га, Замын-Үүдэд 1114 га, Хатанбулагт 298.4 га, Айраг суманд 724.1 га байхаар төсөөлжээ.


Үүнээс гадна үйлдвэрийн төвүүдийн байршил, аялал жуулчлалын маршрут, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээр, хот суурины бохирдол, усан хангамж,  дэд бүтцийн асуудлууд гээд шаардлагатай олон зүйлсийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байна. 

Связанные новости