БНХАУ-тай хийсэн худалдаа 10.8 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭГадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар буюу 595.4 сая ам.доллараар буурч 6494.6 сая ам.долларт хүрсэн хэмээн Төвбанк мэдээллээ.
Ийнхүү буурахад экспорт 5.1 хувиар буюу 200.5 сая ам.доллар, импорт 12.5 хувиар буюу 394.9 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 957.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан байна.
Харин валютын төлбөртэй худалдааны тэнцэл эхний 10 сарын гүйцэтгэлээр 1023.3 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 15.7 сая ам.доллараар өссөн байна. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь хүчин зүйлүүдийн нэг юм. Тэгвэл хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 60.7 хувь буюу 3944.5 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.3 хувь буюу 731.5 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 10.8 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 18.8 хувиар буурсан байна.
Экспорт эхний 10 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 5.1 хувиар буюу 200.5 сая ам.доллараар буурсан. Экспортын бууралтыг задалж үзвэл аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын өсөлт нь нийт экспортыг 2.4 нэгж хувиар өсөхөд нөлөөлжээ. Харин уул уурхайн түүхий эдийн экспортын бууралт нь нийт экспортыг 6.7 нэгж хувиар буурахад нөлөөлжээ.
Б.Заяа