“Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” 16 хоногийн аян эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХНХЯ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран өнөөдрөөс “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг эхлүүлэв.
Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү аяныг дэлхийн 180 гаруй улс орон нэгдсэн байдлаар зохион байгуулдаг. Энэ онд дэлхий нийтээр “Гэр орны амар амгалангаас дэлхийн энх тайван руу: Бүх нийтэд боловсролыг хүртээмжтэй болгоё” уриан дор нэгдэх юм. Харин тус аяныг манай улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” хэмээх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Аяны хүрээнд УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Мөн ирэх сарын 09-нд “Нийгмийн хөгжилд-Эрэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт семинар, ХНХЯ түүний харьяа агентлагийн алба хаагчдад “Бэлгийн хүчирхийлэл, дарамт” сэдэвт сургалт зохион байгуулна. Түүнчлэн ирэх сарын 10-нд Оюутан залуучууд "Хүчирхийллийн эсрэг хамтдаа" тайван жагсаал хийх юм.
1995-2014 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлсэн 14 мянга 547 хүний 73 хувь бие махбодийн, 68 хувь нь эдийн засгийн, 39 бэлгийн, хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгаа бий. Хүчирхийлэлд өртсөн бүх хүн сэтгэл зүйн дарамтад ордог аж. Үүний улмаас өөртөө итгэлгүй болох, бусдаас өөрийгөө тусгаарлах улмаар амиа хорлох зэрэг тохиолдолд ч хүрдэг байна. Тиймээс охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх нь нэгдсэн бодлого, төлөвлөлт шаардлагатай байгааг холбогдох албаныхан онцлов.
Ч.Ариунболд