Малчиддаа туслахыг аймгийн Засаг дарга уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрч, мал аж ахуйн салбарт хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууддаа хандан “Уриалга” гаргажээ.
Энэхүү уриалгад, “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс урьтаж, малчин түмэндээ тусламжийн гараа сунгаж, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг Хэнтийчүүддээ уриалж, малчиддаа сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг зуурын хүндрэлийг даван туулах итгэлийн их дэм өгөх үйлсийг хамтдаа эхлүүлцгээе хэмээгээд Таны халуун сэтгэлийн хандиваар цугласан эд материал, сэтгэлийн өглөг шаардлагатай газраа, хэрэгтэй хүндээ хугацаа алдалгүй хүрч “Мичин жил”-ийн өвлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулж, энх хавартай учран золгоно гэдэгт итгэл дүүрэн байна” гэжээ.
Манай оронд ойрын жилүүдэд тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээ гарч тус аймгийн хэмжээнд цасны зузаан дунджаар 15-30 см, нягтрал нь 0,36 м куб болон хатуурч малын бэлчээргүй болж байгаа нь өвөлжилт, хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Д.Одонтунгалаг