Японы 146 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн их засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-08 20:43:29

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”- ийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5- р цэцэрлэгийн их засварыг хийхэд 146 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Энэ төслийн гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Дундговь аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ нар үсэг зурсан юм.

Сайнцагаан сумын 5- р цэцэрлэг 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар баригдаж 1992 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш их засвар хийлгүй өдийг хүрчээ. Өнгөрсөн жил “Өвсний үндэс” хөтөлбөрт Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургууль, Эрдэнэдалай сумын сургуулийн дотуур байр, Сайнцагаан сумын 5- р цэцэрлэгийн их засварын төслийг хүргүүлсэн бөгөөд үүнээс сургуулиудын дотуур байрны засварыг хийсэн байна. Харин энэ жил цэцэрлэгийн их засварт хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Цэцэрлэгийн их засварыг Улаанбаатар хотын “Цац- Орхон” ХХК гүйцэтгэнэ. Хичээлийн жил дуусангуут 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 15- ныг хүртэл засварыг хийхээр цэцэрлэг, гүйцэтгэгч компани хооронд гэрээ байгуулсан байна.

Т. Отгонтуяа         

 

Связанные новости