“Бичигт” боомтоор адуу гаргаж буйг зогсоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-12 09:34:05

Сүхбаатар аймгийн “Бичигт” хилийн боомтод адууг амьдаар хил гаргах замдаа тамлан зовоож олноор нь хөнөөх явдал гарсан нь олны анхаарлыг татсаар байна.

Тиймээс тус аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор Бичигт боомтод ажиллаж байна. Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон Хилийн цэргийн 0146-р ангийн төлөөллүүд багтжээ. Ажлын хэсэг  тууварлаж байгаа адуунд эрүүл мэндийн үзлэг хийж өвчтэй шинж тэмдэг илэрсэн, бэртэл гэмтэл авсан адууг ялгаж мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний стандартын дагуу арга хэмжээ авч байна. Мөн “Бичигт” боомтод төвлөрсөн адууг буцаан тээвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд нядалгаанд оруулж, хөлөөр нь хил гаргахыг зогсоолоо. Адуу тээвэрлэсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн зөвшөөрөл олгосон мэргэжлийн байгууллагуудыг шалган тогтоож хариуцлага тооцож эхэлжээ.

Ж.Батсайхан

Связанные новости