Батширээт суманд 320 хүүхдийн сургууль ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-12 11:07:11

Хэнтий аймгийн Батширээт суманд 320 хүүхдийн сургуулийн шинэ барилга ашиглалтад орж, энэ сарын 7-ны өдөр улсын комисс хүлээн авчээ.

Мэргэжлийн хяналтын газраас сумын хуучин сургуулийн барилгыг сурч боловсрох орчин нөхцлийн хувьд тохиромжгүй хэмээн дүгнэж байсан хэдий ч өөр байрлах байргүй учир багш сурагчид хичээллэсээр өнөөдрийг хүрчээ. Шинэ сургуулийн байрны шав анх 2013 онд тавигдсан бөгөөд Улаанбаатар хотын “Эрхэт наран” компани 1 тэрбум 650 сая орчим төгрөгийн хөрөнгөөр барьсан байна.

Тус сургуулийн захиргаанаас өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх дөрвөн зүйлийг гол зорилтоо болгодог аж. Үүнд,

Нэгдүгээрт: Батширээт сум гар бөмбөгөөр бусдаас онцгой байя (Сургуулиас нь үе үеийн гар бөмбөгийн өндөр ур чадвартай тамирчид төрөн гарч, улс аймаг бүсийн уралдаан тэмцээнд тогтмол амжилт үзүүлсээр байна),

Хоёрдугаарт: Уран зургийг хөгжүүлье (“Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдаанд сүүлийн таван жил оролцож шагнагдсан байна),

Гуравдугаарт: Үндэсний хөгжмөө сэргээе (Ёочингийн дугуйланг тус сургуулийн сурагчдын эцэг эх хичээллүүлдэг бөгөөд 20 орчим  хүүхэд хамрагддаг, 10-аад ая тоглож сурчээ. Мөн 2015 онд БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Хөгжим тоглож сурцгаая” төсөлд хамрагдан 6 сая төгрөгийн санхүүжилтээр 20 гаруй төрлийн хөгжмийн зэмсэгтэй болжээ),

Дөрөвдүгээрт: Шинэ сургуульд орсноороо сургалтын орчин нөхцөл сайжирч, дотуур байрны гал тогоо мод түлж, пийшин дээр хоолоо хийдэг байсан бол БСШУЯ-наас гал тогооны тоног төхөөрөмжийг шинээр өгсөн” гэж тус сумын сургуулийн захирал Ц.Цогзолмаа хэллээ. 

Тус сумын сургуулийн хүүхдийн дотуур байр нь 1982 онд баригдсан, 2008 онд их засварт орсон бөгөөд 42 хүүхдийн хүчин чадалтай боловч одоогийн байдлаар 50 хүүхэд амьдарч байгаа аж.

Батширээт сумын ЕБС нь мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан захирал, хичээлийн эрхлэгч,  нийгмийн ажилтан, багш нар, бусад ажилчид нийлээд 37-уулаа сургалт хүмүүжлийн ажлыг явуулдаг байна.

Д.Одонтунгалаг

 

Связанные новости