"Аюултай 12 сар"-ын аваар ослоос  сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-13 11:36:45

ЗЦА-наас шинэ жилийн үдэшлэг цэнгүүн  эхлэх өдрүүдийг "Аюултай 12 сар" гэж нэрлэдэг болсон нь зүгээр нэг айлгах гэсэн арга биш аж.

Үнэхээр л шинэ жил тэмдэглэх үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн осгож үхэх, авто тээврийн аваарь осолд орох нь илэрхий нэмэгддэг.  2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн нийт 739 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол, хэргийн улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 27978 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлжээ.

Зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэд дийлэнх хувийг эзэлж байна. Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох явган зорчигч ч цөөнгүй. Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-40 насны ид хөдөлмөрийн насны идэвхтэй амьдралд яваа залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь их байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жодоодсоны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн 30 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байгаа түгшүүрт тоо ч анхаарам. 2015 оны 12 дугаар сард улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2883 бүртгэгдсэнээс нийслэлд 1878 байна. Улсын хэмжээнд 2 хүний амь нас хохирсон байна. Байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилээ хэрхэн сайхан тэмдэглэх вэ гэж бодохоос алба хаагч, ажилчдаа хэрхэн аюулгүй гэр орондоо харьж байна гэдэгт анхаарал тавьдаггүй. Үүнээс болоод шинэ жил тэмдэглэж буй хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэргээр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Хэдхэн жилийн өмнө Талархлын бичгээ тэврээд хөлдөж нас барсан хэрэг гарсныг санууштай. Иймд Замын цагдаагийн албанаас хүлээн авалт хийх, баяр ёслол тэмдэглэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцож тэмдэглэхийг уриалж  байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах. Байгууллага, аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг  Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Ж.Батсайхан

Связанные новости