Цэргийн ахмадуудад зориулсан "Улаан одхон" сонин мэндлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨчигдөр 12 дугаар сарын 12-ны 12 цагийг тохион учруулж Монгол Улсад мэндлээд удаагүй байгаа "ХАР СҮЛДНИЙ ХИЙМОРЬ" сэтгүүлчдийн холбооны Удирдах Зөвлөлийн хурал хийж шинэ оныхоо гарааны тухай ярилцлаа.
Уг нь хагас жил гаруйн өмнөөс " Хар сүлд" гэж клуб байгуулах санаачилгыг " Соёмбо" сонины эрхлэгч, хурандаа Г.Нямдорж, тус сонины ахлах ажилтан, дэд хурандаа Г.Баатарнум нар маань гаргаж цэргийн сэдвээр бичдэг сэтгүүлч бүхий 18 хүн цуглан анхны хурлаа ЗХЖШ-ын хурлын танхимд ЗХЖШ-ын Удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзоригийн дэмжлэг дор хийж билээ. Тэр хурлаас мэргэжил нэгт нөхөд минь намайг ТЭРГҮҮН болгон өргөмжлөв! Түүнээс хойш клуб маань бичиг баримтаа цэгцлэн тамгаа авахаар болбоос нэр ус давхардсан тул "ХАР СҮЛДНИЙ ХИЙМОРЬ"нэртэй холбоо хэмээлтээр улсын бүртгэлийн гэрчилгээгээ авав. Төлөвлөгөө гарган эхний ажлаа ч эхэлсэн. Тэр нь, 7 дугаар сард Тавантолгой дахь энхийг сахиулагчдын төв цогцолборт цэргийн суурь онол мэдлэг сонсож буу сум гардан барьж буудлагын тэмцээн энэ тэрийг сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан уулзалт байлаа. Энэ үеэр цөөнгүй бүтээлч сэтгүүлчийг "Эх орны төлөө" хоёр, гуравдугаар медаль, мэргэн буудлагад амжилт гаргасан залуу сэтгүүлчийг " Онц буудагч"-аар мялаасан. Тэгтэл сонгууль болж улс төрийн болон бусад үйл ажиллагаагаа завсарлахаас аргагүй боллоо. Тийнхүү намар тамга тэмдгээ ч хийлгэж холбоо маань ажлаа сэргээхээр шийдлээ. Удирдах зөвлөлөө өргөжүүлж, төлөвлөгөөгөө шинэчилж, фб болон сайтын сүлжээ холбоосоо ч эрчлэх үүднээс ийнхүү өчигдрийн хурлыг хийсэн юм. ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа оролцон холбоог дэмжин хурал бусад арга хэмжээний үед байраар хангаж, уран бүтээлч ажил хамтран хийх бүтээлч санал ч гаргав. Мөн энэ өдөр цэргийн чуулгын маань байгуулагдсан өдөр давхцсан нь билгэ дэмбэрэлтэй. Мөн ирэх онд чуулгын 80 жилийн ой ч болох тул бид бүүр ихийг хийе гэцгээлээ. Энэ өдөр манай холбоог санаачлагчийн нэг бэлтгэл хурандаа Г.Нямдорж биднийгээ шинэ сонин "УЛААН ОДХОН"-оороо дайллаа.
Зөвхөн цэрэг орныхоо талбараас тэтгэвэрт гарсан ч гялалзаж яваа үе үеийн ахмадууддаа энэ сониныг зориулжээ! Өлгийнөөсөө гарсан нялх "Улаан одхон" өтөл гэхгүй буянтай буурлуудынхаа өвөр дээр шууд тийчлээд одоо улсын хэмжээнд захиалганд орчихсон өдөө дэлгэн нисэхэд бэлэн болчихож! Угтаа "Улаан од" аавтай, "Соёмбо" ээжтэй "Улаан одхон" хүү гэлтэй. Энэ сониныг цэргийн сэтгүүлч хашрууд нэгдэн нийлж гаргаж буйг харахаар донжтой углуургатай л сонин болох нь дээ гэх итгэл төрвэй...
Ж.Батсайхан