"Зөвлөлдөх ардчилал"-ын тухай номын нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-14 14:26:32

Судлаач Г.Занданшатар Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал онол практикийн бага хурлын үр дүн, ач холбогдлыг улам тодотгож, зөвлөлдөх ардчиллын загалмайлсан эцэг Жэймс С.Фишкиний бүтээл “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг хөрвүүлсэн байна.

Олон улсын туршлагад тулгуурлан манай орны өнөөгийн улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай төстэй орнууд Зөвлөлдөх ардчиллын хэлбэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг энэхүү номд тод томруун харуулсан байна. Зөвлөлдөх ардчиллын аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлснээр иргэд тэгш эрхтэй мэдээлэл хүртэж, асуудлыг оновчтой шийдэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүрээнд томоохон өөрчлөлт, дэвшил бий болж, оюун санааны түвшинд хувьсал гарах гэнэ. Өөрөөр хэлбэл, улс оронд тулгарсан томоохон асуудлуудыг ард түмний оролцоотойгоор, туйлшралгүйгээр нийтийн эрх ашигт нийцүүлсэн, хөгжил рүү тэмүүлсэн, шударгаар шийдэх улс төрийн аргачлал бол зөвлөлдөх ардчилал гэдгийг уг номоор өгүүлжээ.

Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр судалгааны ажил түлхүү туурвиж буй АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаач Г.Занданшатар энэ онд Улаанбаатар хотноо  “Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Бага хуралд улс төрийн намуудын төлөөллүүд, гадаад дотоодын судлаач эрдэмтэд, олон улс, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, оюутан залуучууд гэх зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөллүүд оролцсоноороо ихээхэн ач холбогдолтой болсон юм.

Б.Туул

 

Связанные новости