Шүүх хурал 11:28 цагт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-14 12:02:48

Шүүх хурлыг сурвалжлах сэтгүүлчид өглөө эртлэн Хорих 461 дүгээр ангийг зорьж очсон боловч, цагдаагийн хамгаалалт гарсан тул шалгуулж, шалгаалгаж явсаар тус ангийн харуулын постын ойролцоо хүлээх хэрэгтэй боллоо. Учир нь шүүх хурал цагтаа эхлэх үгүй нь тодорхой бус ч, цагдаагийн давхар хяналт шалгалтын дор 9.00 цагаас эхэлж сэтгүүлчдийг бас л нарийн шалган  дотогш нэвтрүүлж эхэллээ.

Шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлахаар зөвшөөрөл авсан байна. Үүн дээр сүүлд нэмж нэрээ өгсөн хэсэг сэтгүүлч бас байв. Хэвлэлийнхэн тэгэвч машид хязгаарлалттай бүс рүү орж, зөвхөн хурлын нээлт хэсгээс багахан хугацаанд дүрс авах эрхтэй. Мөн хурлын төгсгөлд орох боломжтой. Бусад үед хэвлэлийнхэнд хаалттай гэдгийг мэдээлэв. Хорих 461-р ангид 10.00 цагт товлогдсон Шүүх хурал 11.28 цагт эхлэв. Шүүх хуралд шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар иржээ. С.Зориг агсны гэргий Б.Булган шүүх хуралд одоогоор ирээгүй байна.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүх бүрэлдэхүүнд М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар ажиллаж байна. С.Зориг агсны хэргийн сэжигтэн, өнөөдрийн шүүх хурлын шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнийг  Хорих 461 дүгээр ангид нэвтрүүлэв. Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас аюулгүй байдлыг хангах үүднээс шалгалтын пост гаргаж, хорих анги руу явж буй иргэн, тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж байлаа. Улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэглэлтэй хэрэг учраас шүүх бүрэлдэхүүн хурлыг хаалттай явуулах тул утас, камер гэхчлэн техник хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй, шүүх хурал болох орчныг гар утасны сүлжээ барих боломжгүй болгожээ. Хохирогчийн гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун болон зарим нэр бүхий хүн оролцож байгаа юм.

Шүүх хуралдаан уг хэргийн шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэдийн төлөөлөл, шүүх хуралдааны нарийн бичиг гэсэн бүрэлдэхүүнтэй цагдаа, тагнуулын байгууллагын хатуу хяналт дор үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн шүүх  хуралд оролцогч талуудаас гарсан хүсэлтийг хүлээн авч, хурлыг үргэлжлүүлэх эсэхийг удахгүй шийдэх бололтой. Шүүх хурлыг даргалагч М.Алдар шүүгдэгчдийн холбогдсон хэргийн зүйл ангийг уншиж танилцуулснаар шүүх хурал эхэлж, цааш хаалттай үргэлжилж байна. Хурлыг эхлүүлсний дараа хэвлэл мэдээллийнхнийг шүүх хурлын танхимаас гаргалаа. Хэргийг улсын нууцтай холбоотой гэж үзэж байгаа тул шүүгдэгчдийн ар гэрийнхнийг ч мөн хуралд оролцуулах боломжгүй аж. Шүүх хурлын явцаас шүүхийн хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдээлэл өгнө.

Ж.Батсайхан

Связанные новости