Төвийн бүсийн зөвлөлгөөн Чингис хотод боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-19 17:03:06

Хэнтий аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг "Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь" сэдэвт бүсчилсэн зөвлөлгөөнөө Чингис хотод зохион байгууллаа.

Төвийн бүсийн тус зөвлөлгөөнд Хэрлэн, Баянхутаг, Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, малчид болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, хуулийн байгууллагуудын алба хаагчид оролцов.

Зөвлөлгөөний үеэр цагдаагийн газраас сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, иргэдийн үүрэг, цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа ажлын санал, хэрэгжилтийн байдлыг танилцуулан хэлэлцүүлжээ.

Дээрх бүсчилсэн зөвлөлгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайханаар ахлуулсан ГХУСАЗСЗ-ийнхөн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлж,  Баян-Овоо, Бор-Өндөрт, Өмнөдэлгэр, Баян-Адрагад сумдад зохион байгуулан ажилласан юм.

Зөвлөлгөөний үр дүнд орон нутгийн төрийн байгууллагууд, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил эрчимжиж, иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилнэ хэмээн үзэж байна. Бүсчилсэн зөвлөлгөөнөөс гарсан ажлын санаачилга, үр дүнг нэгтгэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах юм байна.

Д.Одонтунгалаг

 

Связанные новости