Хууль зүйн албаны түүхийг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-20 17:23:22

Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан ХЗДХЯ, Архивын ерөнхий газар (АЕГ) хамтран өнөөдөр “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээлээ.

XX зууны эхнээс энэ зууны эхэн хүртэлх зуу гаруй жилийн хугацаан дахь Монгол Улсын хууль зүйн албаны түүхэн хөгжил, ялангуяа ХЗДХЯ, түүний харьяа агентлаг, байгууллагуудын түүхэн хөгжлийн эхэн үеийг тодотгон харуулахад үзэсгэлэнгийн зорилго оршиж байна. Уг үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөг дэх баримт бичиг, гэрэл зураг болон ЦЕГ-ын музей, ХХЕГ-ын музейн 200 орчим үзмэрийг танилцуулж байна. Тухайлбал, 1911 оны 12 дугаар сарын 29-нд Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар М.Намсрайг томилсон Богд хаантаны зарлиг, 1913 онд Богд хаантаны зарлигаар батлагдсан Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны эрхлэн шийтгэх хэргүүд, мөн тус яамны албан хаагчдын тангарагийн эх зэрэг сонирхолтой баримт бичиг, гэрэл зураг тавигдсан байна. Түүнчлэн энэ үзэсгэлэнд хилийн цэргийн амьд түүх болсон дэслэгч генерал Б.Цэдэн-Иш, домогт сэргийлэгч Ж.Данзан нарын хувцас хэрэглэл, Хилийн цэрэг, Цагдан сэргийлэхийн ажилтан нарын хэрэглэж байсан буу зэвсэг, модон дохиур, бороохой зэрэг үзмэрүүд бий.

Үзэсгэлэнгийн нээлтэд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХХЕГ-ын дэд дарга Ш.Лхачиншав, АЕГ-ын дэд дарга Г.Билгүүн, ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нар оролцов.

Ч.Ариунболд

Связанные новости