Автомат тоглоомын 16 компанид эрүү үүсгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын цагдаагийн газраас энэ төрлийн үйлчилгээг хууль бусаар үзүүлж байгаа 25 газрыг илрүүлж шалгалт явуулжээ.Улмаар автомат тоглоомын газар ажиллуулсан 16 аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн 19 газрын эд хөрөнгийг битүүмжилсэн гэж өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлснээр НСУГ-аас автомат болон цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай өгсөн. Гэхдээ зөвшөөрлийг энэ оны тавдугаар сарын 1-нээс хүчингүй болгосон. Үүнтэй холбоотой Улаанбаатар хотод автомат болон цахим тоглоомын ямар нэг үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг ч мэдэгджээ. Тэгэхээр автомат тоглоомын нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй бүх үйлдэл хууль бус юм. Иймээс дээрх аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 133, 134 дүгээр зүйлийн дагуу эд хөрөнгийг хураан авч битүүмжилж, 16 аж ахуйн нэгжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Автомат болон цахим тоглоомын газрыг хууль бусаар ажиллуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлд “Мөрийтэй тоглох, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсвэл 1-3 хүртэлх сараар баривчлах ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг байна.
Ж.Батсайхан