16 хүүхэд галд амиа алджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАхуйн гал түймэр өсөх хандлагатай байгааг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулав.
Өвөл гарч буй галын шалтгаан нь айлуудын зуухны гэмтэл, цочир галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам болоод зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалалтай холбоотой аж. Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээж, орхих нь галын дуудлага нэмэгдэхэд хүргэжээ. Улсын хэмжээнд 2016 он гарсаар ахуйн гал түймэр 3523 удаа бүртгэгдэж, гал түймэрт 50 хүн өртөж амь насаа алдсаны 16 нь бага насны хүүхэд байна. Өчигдөр гэхэд 14.20 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжинд иргэн Ц-гийнх шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлынханд иржээ. Энэ дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, галыг унтраасан байна. Харамсалтай нь, нэг айлын бага насны гурван хүүхэд /1-5 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй/ галд өртөж, нас баржээ. Талийгаач хүүхдүүдийг аав, ээж нь гэртээ цоожилж үлдээсэн байсныг Онцгой байдлын албаныхан анхааруулав.
Сүүлийн үед гарч буй гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд илүүтэй өртөж байна. Мөн харах хүнгүй гэх шалтгаанаар гэрт нь цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон согтуу, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд галд өртөж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас тодотголоо. Иймд, өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байх, халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалж сурах, хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох, эзэнгүй гэр, байшингаа гэнэт ихээр галлаж орхихгүй байх, автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Онцгойгийнхон хатуу анхааруулж байна.
Ж.Батсайхан