Шүүхийн шинэчлэлийн бодлогод тулгамдсан асуудлыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-21 17:43:17

"Монгол Улсад шүүх байгуулагдсаны 105 жил, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ой”-д зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Шүүх, шүүн таслах ажил бол аливаа үндэстний төр ёсны салшгүй хэсэг байсаар ирсэн. Тийм учраас Монголын шүүхийн түүх зуугаар биш хэдэн мянган жилээр тоологдох учиртай гэдгийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Тэрбээр, "Эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлогын талаар хэлэлцэх болно. Шүүх эрх мэдэл нь хууль тайлбарлан хэрэглэдэг, эцсийн шийдвэр гаргадаг, маргаан тасалдаг институци. Тиймээс шүүх судлалыг хөгжүүлэх, шүүхийг шинжлэх ухаанжуулах, эрдэм шинжилгээний маргаан мэтгэлцээн тогтмол өрнүүлэх нь чухал” гэлээ.

1926 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын гишүүдийн 15 дугаар хурал, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаар баталсан "Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг 1924 оны Үндсэн хуультай харьцуулан судалсан илтгэлээ Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар танилцууллаа. Уг баримт бичиг нь шинэ цагийн шүүхийн үүсэлд ямар байр суурь эзэлж байгаа, түүхэн ач холбогдлын талаар тэрбээр илтгэлдээ онцоллоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын анхны таван яамны нэг Шүүн таслах хэргийг бүгд захирагч яам ямар бүтэцтэй, ямар үйл ажиллагаа явуулдаг байсан талаар Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан танилцуулав.

 Ч.Ариунболд

Связанные новости