Шүүх хурал хаалттай хэвээр үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-22 11:24:41

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр  Цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилсэн бөгөөд Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас 30 орчим минут мэдүүлэг авч дуусаад, шүүх хурлыг өнөөдөр үргэлжилнэ.

 18 жилийн дараа сэжигтэнг тогтоосон уг хэрэг улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэгт багтах баримтууд агуулсан учир хаалттай горимоор явуулах нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Тиймээс шүүгдэгчийн мэдүүлгийг нууцалж байна. Өмнө нь шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хуралд нэр бүхий гэрчүүдийг оруулах санал гаргаж, шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулсан. Тэгвэл өчигдрийн хуралд гэрчээр Г.Чулуунбат, н.Давааням нар оролцсон. Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар ажиллаж байна.

 Шүүгчдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхний хэлснээр хүний аминд хүрч, 25 жилийн ял авсан Ц.Амгаланбаатар ял наймаалцахын тулд зохиомол хэрэг үүсгэж, хилс хэрэгт унагасан гэв.

Хэргийн газраас олдсон үс ДНК-гийн шинжилгээгээр Т.Чимгээгийнхтэй таарсан гэх албан бус яриа байгаа. Ийм ээдрээт хэргийн шүүх хурал болж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийг дотор гаднагүй цагдаа, тагнуул, шийдвэр гүйцэтгэгчдийн хамтарсан эргүүл хамгаалалтад аваад байна. Тэд хорих анги руу нэвтрэх машин, хүн бүрийг нэгжин шалгаж байв. Шүүх хурлын зөвхөн эхлэл, төгсгөлийн зургийг авах эрхтэй хэвлэлийнхнийг ч гурван давхар хамгаалалт шалгаж, шүүх танхим руу нэвтрүүлсэн. Мөн олны анхаарлын төвд байгаа  шүүх хурал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 234.2-т "Шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна" гэж заасны дагуу үргэлжилж байна.

Ж.Батсайхан

Связанные новости